Зээлийн хүүг бууруулах боломжтой юу гэж эдийн засагчдаас асуухад бүгд хүлээн зөвшөөрдөг. Яагаад өдий болтол бууруулахгүй байна вэ гэхээр янз бүрийн тайлбар хэлдэг. Монголчууд жилийн 20-30 орчим хувийн хүүтэй мөнгөөр аж ахуй, бизнесээ босгох гэж зүдэрч байна. Ийм үнэтэй мөнгө зээлээд, дампуурлаас холуур байж, бизнес цэцэглүүлнэ гэдэг нь хүнээс ур ухаан их шаардана. Угаасаа бизнесийг дэмжих гол хөшүүрэг нь бага хүү, урт хугацаатай зээл л байдаг. Харин энэ нь одоогоор манайд алга.
Монголд арилжааны банкны эх үүсвэрийн зардал өндөр байгаа талаар банкирууд ярьдаг. Өдгөө банкуудын хадгаламжийн хүү 15-18 хувь байна. “Худалдаа хөгжлийн банк”, ХААН, “Голомт” зэрэг зах зээлд орон зайгаа эзэлчихсэн томоохон нь харилцагчийнхаа хадгаламжид 15 орчим хувийн хүү төлдөг бол зарим жижиг нь хүрээгээ тэлэх гэж 18 орчим хувийн хүү санал болгож буй. Ийм өндөр үнээр хадгаламж татаж байгаа банк ашиг олохын тулд жилийн 20 хувь давсан хүүтэй зээл гаргахаас аргагүй юм. Гэтэл Япон зэрэг оронд иргэдийн хадгаламжид мөнгө төлөх бус, найдвартай хадгалж өгсний төлөө төлбөр авдаг гэдэг. Угаасаа инфляц гэх үзэгдэл бараг байдаггүй тул хадгаламжийн хүүгүй, дагаад зээлийн хүү ч бага байдаг аж.
Зээлийн хүүг тогтоох суурь нь бодлогын хүү болдог. Одоогоор АНУ-ын бодлогын хүү 0.5 хувьтай байгаа бол Англид 0.4, Японых 0.25 байна. Харин Монголынх 10.5 хувь. Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл саяхан суурь хүүг бууруулсан ч хоёр оронтой тооноос уруудсангүй. Тиймээс инфляц нам дор буюу 2.1 хувьтай байгаа ч зээлийн хүү буурах нөхцөл бүрдэхгүй байна. Өмнө нь инфляц 10 хувийг давсан байхад иргэдийн 15 хувийн хүүтэй хадгаламжийн цэвэр өгөөж нь тав орчим хувь л байсан. Харин одоо нам инфляцтай орчинд мөнгөө хадгалуулснаар иргэд жилд 13-16 хувийн ашиг хүртэж байна. Арилжааны банкуудын зардал дээр ашгийг нь нэмж зээлийн хүүг тогтоодог. Иймд хадгаламжийн хүү буюу банкны эх үүсвэрийн зардлыг бууруулбал зээлийн хүү доошлох боломж бий. Тэгвэл нам инфляцтай буюу бараг үнийн өсөлтгүй байхад яагаад хүүг бууруулах арга хэмжээ авч болохгүй байна вэ. СЭЗДС-ийн багш, доктор Ц.Батсүх “Манай инфляц хэлбэлзэл ихтэй байдаг. Тиймээс одоогийн түвшнээ урт хугацаанд хадгалах, эсэх нь эргэлзээтэй” гэлээ. Төвбанк үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж инфляцыг анагааж чадсан ч цахилгаан, дулааны үнэ, их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхэд л дагаад өсдөг. Тиймээс одоогоор хадгаламжийн хүүнд гар хүрэх боломж бага бололтой. Гэхдээ үйл ажиллагаа болон хууль эрх зүйн зарим өөрчлөлт хийж чадвал зээлийн хүүг тодорхой хувиар бууруулах боломж бий гэнэ.
1930-аад оны их хямралын жилүүдэд АНУ-д жилд арилжааны 5-6 мянган банк дампуурч, санхүүгийн систем нь хүнд цохилтод орж байсан гэдэг. Банкууд хоорондоо утга учиргүй өрсөлдөж байсан нь үүнд нөлөөлсөн гэж судлаачид хожим дүгнэсэн байдаг. Тухайн үед арилжааны банкууд аж ахуйн нэгж, иргэдийн сул чөлөөтэй мөнгөө байршуулдаг харилцах дансанд хүртэл хүү төлөх зэргээр нэгнээсээ өрсөн элдэв урамшуулал олгож байжээ. Тиймээс АНУ-д банкны харилцах дансанд байршуулсан мөнгөнд хүү төлөхийг хориглох тухай хууль гаргасан гэдэг. Тэгвэл өнгөрсөн зууны эхээр дэлхийн бөмбөрцгийн нөгөө бөөрөнд болж байсан халуурал өдгөө манайд давтагдаж байгааг эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, манай арилжааны зарим банк иргэд харилцах дансандаа мөнгө хийснийх нь төлөө хүү төлж буй юм. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, үүнийг хориглох хэрэгтэй гэдгийг зарим банкир илэрхийлж байна. Энэ бол өрсөлдөөн хэрээс хэтэрч буйн нэг л жишээ юм. Манай томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдээр ороход үүдэнд нь 5-6 банкны АТМ буюу бэлэн мөнгөний машин ирийтэл өрчихсөн байдаг. Энэ бол арилжааны банкууд сүр хүч, хөрөнгө чинээгээрээ гайхуулж буй хэрэг бус юм. Харин өрсөлдөөний илрэл. Гэтэл дэлхийн олон оронд нэг цэгт ганц л АТМ байдаг бөгөөд түүгээр бүх банкны харилцагч үйлчлүүлэх боломжтой. Тиймээс манай банкууд ч зардлаа хэмнэхийн тулд дэд бүтцээ нэгтгэх хэрэгтэй аж. А цэгийг Б-тэй холбохын тулд хоёр биш нэг л зам байхад хангалттай. Үүнтэй адил банкны үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд хэд хэдэн банк дундаа нэг бэлэн мөнгөний машинтай байж болох юм. Уг нь Монголын банкны холбооныхон зарим дэд бүтцээ нэгтгэх талаар санаачилга гаргаж байсан ч ажил хэрэг болгож чадалгүй өдий хүрсэн. Энэ нь монгол хүмүүсийн хамтран ажиллаж чаддаггүй зангаас үүдэлтэй хэмээн нэгэн банкны газрын захирал ярьсан юм. ОХУ-д гэхэд арилжааны банкууд нь дундаа нэг дэд бүтэцтэй бөгөөд иргэдэд зарим үйлчилгээг үзүүлэх төв буюу аутсорсингийн компани байгуулсан байна. Гэтэл манайд арилжааны таван банк ийм төвийг тус тусдаа байгуулжээ. Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Арилжааны банкууд зардлаа бууруулах талаар цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Зардал буурвал зээлийн хүү буурах боломж бий. Үүний тулд цаашид өрсөлдөх бус хамтран ажиллах хэрэгтэй болж байна” гэлээ.
Манайд олон улсын зах зээлээс бонд босгосон арилжааны банкнаас 10 хувийн татвар авдаг. Гэтэл гадаадын аль ч оронд ийм жишиг байдаггүй гэнэ. Ам.долларын орох урсгалыг өсгөж, эдийн засаг дахь цусны эргэлтийг түргэсгэх ач холбогдолтой тул ийн татвараас чөлөөлдөг аж. Харин манайд ийм өндөр татвартай байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар арилжааны банкуудын чанаргүй болсон зээлийн барьцаа хөрөнгийг борлуулж, өр төлбөрийг нь барагдуулах үйлчилгээ үзүүлдэг. Үүнийхээ төлөө нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх шан авдаг аж. Уг нь хуульд 0.5-10 хүртэлх хувийг суутгаж болно хэмээн заасан байдаг ч Хууль зүйн сайдын тушаалаар хураамжийн хэмжээг ийнхүү таазанд нь тулгажээ. Энэ нь мөн л зардал өсгөх шалтгаан болдог аж. Түүнчлэн арилжааны банкны тусгай зөвшөөрөл авахад 18 мянгаас 1.2 сая төгрөгийн хураамж төлөх ёстой. Харин банк салбар нэгжээ нээсэн тохиолдолд төлбөр өгдөггүй аж. Гэтэл Төвбанк ямар ч хуульд байхгүй заалт бий болгож салбар нээх бүрт хоёр сая төгрөгийн хураамж авдаг байна. Энэ мэтчилэн арилжааны банкны зардал өсөхөд нөлөөлөх олон хүчин зүйл бий. Тиймээс үүнийг өөрчилбөл зээлийн хүү буурах боломж бий аж.