Ерөнхий сайд асан С.Баяр “Монгол Улс үсрэнгүй хөгжлийн гараан дээрээ зогсож байна” гэж хэлсэн нь санаанд тодхон байна. Тэр энэ үгийг бараг 10 жилийн өмнө хэлжээ. Гэвч Монгол Улс үсрэнгүй хөгжсөн үү? Үгүй. Гараанаас хөдлөхөд удирдан чиглүүлэх ёстой улстөрчдийнх нь байр суурь нэгдэхгүй, хэрэлдэн тэмцэлдэж, биенээ үгүйсгэсээр олон оныг үдлээ. С.Баяр амны халуунтай улстөрч биш. Оюутолгой, Тавантолгой хэмээх томоохон ордоо хөдөлгөх он цагийн тохиол дээр тэр энэ үгийг хэлсэн.
“Хоёр толгой” бол дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдэх нөөцтэй. Тавантолгойн орд зургаан тэрбум тонн нүүрстэй. Үүний хоёр тэрбум нь сайн чанарын коксжих нүүрс. Оюутолгойн орд 31.1 сая тонн зэс, 1328 тонн алттай. Энэ бол дор хаяж 100 жил олборлож, гуравхан сая хүн амтай, жижиг эдийн засагтай Монгол орныг гэрлийн хурдаар хөгжүүлэх нөөц. Үүнийг олборлож, газар дээр гаргасны дараа баялаг болно. Баялгаа олон улсад экспортолж орлого олох ёстой. Их хэмжээний орлого үсрэнгүй хөгжилд хүргэх хөшүүрэг болох юм. Монгол Улсын орлого нэмэгдвэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Сургалт болон эмчилгээний тоног төхөөрөмжөө дэлхийн жишигт хүргэнэ. Суурин газруудаа холбосон эрчим хүч, тээврийн дэд бүтэц байгуулна. Хурдны зам тавина. Үйлдвэрлэлийг дэмжинэ.
Их хэмжээний орлого олохын тулд бага зардал гаргаж, баялгаа өндөр үнээр борлуулах учиртай. Зардлаа багасгахын тулд өртөг багатай тээврийн дэд бүтэц байгуулах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний хамгийн хямд тээвэр бол усан зам. Манайх далайд гарцгүй. Тиймээс Монголын хамгийн хямд тээвэр нь төмөр зам. Тавантолгой, Оюутолгойн баялгаа хямд тээвэрлэхийн тулд нэн түрүүнд төмөр зам тавих хэрэгтэй юм. Үнэд хүргэхийн тулд боловсруулах үйлдвэр барих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингээж экспортолно гэсэн үг. Шороо тээвэрлэсээр байвал дорвитой орлого олохгүй. Үйлдвэр байгуулснаар ажлын байр олноор бий болно. Айл өрхийн амьжиргаа дээшилнэ.
Дэлхийн гигант “Рио Тинто”-той Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулсан. Мөн хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээр хийж, Тавантолгойн ордын лицензүүдийг төрийн мэдэлд авсан. Улмаар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулан, Тавантолгойгоос нүүрс олборлож эхэлсэн юм. “Оюутолгой” компани сүүлийн хоёр жилд хоёр сая тонн баяжмал экспортлоод байна. Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй дүйж, бас нэг “саалийн үнээ” болов. Харин дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаас шалтгаалан Тавантолгойн баялгаас олох орлого хумигдсаар байгаа. Экспортлох зардал өндөр учраас өрсөлдөх чадвар нь өдрөөс өдөрт муудсаар байна. Төмөр зам тавьчихвал Тавантолгойн баялгаас их хэмжээний орлого олох боломжтой. Нүүрс баяжуулах үйлдвэр барьчихвал бүр ч их орлого олно. Төмөр зам Оюутолгойд ч хамаатай. Оюутолгойд хөрөнгө оруулсан “Рио Тинто”-гийнхон ч төмөр замаа хурдан тавихыг шаардах болжээ.
Том төслүүдээ саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах бас нэг дэд бүтэц нь цахилгаан станц. Тавантолгойн ордыг түшиглэн цахилгаан станц барина гэж ярьсаар л байна. Гэвч ганц хүрз шороо ч хөдөлгөсөнгүй. “Оюутолгой” компани Хятадаас эрчим хүчээ авч, орлогоо гадагш нь урсгасаар байна. Баялгийн орлогоо Монголдоо шингээж чадвал хөгжил рүү ойртох учиртай.
Цаашлаад эрдэс түүхий эдээ гүн боловсруулах шаардлага ч бий. Баяжмалаа боловсруулж, катодын зэс үйлдвэрлэвэл үнэ нь хэд дахин нэмэгдэнэ. Кабель утас үйлдвэрлээд дэлхийн зах зээлд экспортолбол бүр их орлого олно. Нүүрсээ боловсруулж, кокс үйлдвэрлээд экспортолбол бас л их хэмжээний орлого олох боломжтой. Дотооддоо гангийн үйлдвэр байгуулаад коксоо хэрэглэвэл улс оронд бүр ч ашигтай. Түүхий эдийг гүн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусам ажлын байр өснө. Үүнийг дагаад мэргэжилтэй ажиллах хүчний тоо ч нэмэгдэнэ. Мэргэжилтэй ажиллах хүчнийг эдийн засгийн нэг баялаг гэж үздэг. Боловсролын түвшин хэр сайн байна, тэр хэмжээгээр тухайн орны хөгжил өндөр байгаа нь аль хэдийнэ нотлогдсон зүйл.
Монголчууд үсрэнгүй хөгжих шийдэл хүлээсээр байна. Үсрэнгүй хөгжлийн хамгийн анхны шийдлүүд нь стратегийн ордуудаа хөдөлгөн, эдийн засгийн эргэлтэд оруулах байсан. Үүнийг хийж чадсан. Харин одоо уул уурхайн ордуудын суурь дэд бүтэц байгуулах шийдлээ олох хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд төмөр замаа тавих шаардлагатай. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавьчихвал экспортын цусны эргэлт хурдсах юм. Мөн өртөг буурна. Энэ чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Монголоос Хятад хүртэлх тээврийн өртөг тонн тутамд 10 ам.доллароор буурах тооцоог экспортлогчид гаргасан байдаг. Одоо Тавантолгойн ордын тонн нүүрсийг уурхайн амнаас нь 30 орчим ам.доллароор борлуулж байгаа. Төмөр замтай байсан бол нүүрсээ уурхайн амнаас 40 ам.доллароор худалдах байв. Уурхайнууд нэг тонн нүүрснээс 10 ам.долларын цэвэр ашиг олох байлаа.
Гэтэл манай эрх баригчид стратегийн ордуудын дэд бүтэц барих шийдлийг гацаасаар байна. Улстөрчид хувийн эрх ашигтаа нийцэхгүй шийдвэрийг үгүйсгэсээр, тээг тавьсаар өдий хүрэв. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2011 оноос барьж эхэлсэн. Гэвч барилгын ажил 50 хувьд хүрээд зогсов. Төмөр зам барих ажлаа хэзээ үргэлжлүүлэх вэ? Тавантолгойн цахилгаан станцыг хэзээ барьж эхлэх вэ? Тавдугаар цахилгаан станцын суурийг хэзээ тавих вэ? Төмөрлөг болон зэс хайлуулах үйлдвэрээ хэзээ барих вэ? Хэзээ, хэзээ...? Эдгээр асуултад УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар заавал хариулах учиртай. Шийдэл гаргаж чадахгүй, хэмлэлдэж суусаар байвал монголчууд бүгд хожигдоно.