Монголын санхүүгийн зах зээлийн нэг хэсэг гудамжинд гарсан нь үнэн. Санхүүгийн зах зээл гудамжинд гарсан гэхээр хэтэрхий ойлгомжгүй санагдаж магадгүй. Хувь хүн банк адил барьцаа аван, зээл олгох болсныг “гудамжны зах зээл” гэж нэрлэж байгаа юм. Сүүлдээ энэ зах зээл тэлж, мөнгө зээлдүүлэгч бэлтэнгүүд хүүлэгч болж хувирав. “Хоногийн зээл” гэх мэт маш өндөр хүүтэй зээлийн бүтээгдэхүүн ч бий болжээ. “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт “Иргэнд сарын хугацаатай нэг сая төгрөг зээлүүлнэ. Тэгээд ажлын 22 хоногт өдөр бүр 50 мянган төгрөг төлөх, нэг өдөр төлөлгүй алгассан тохиолдолд тухайн төлбөрийг хоёр нугалж, 100 мянган төгрөг болгох гэрээг зээлдэгчтэй байгуулдаг. Төлөхгүй явбал хожим асар их хэмжээний мөнгө төлөх үүрэг хүлээдэг” гэж тайлбарлаж байв.
Тэнгэрт хадсан өндөр хүүтэй зээлдүүлэгчийг хүүлэгч гэж нэрлэхээс өөр тохирсон үг алга. Мэдээж мөнгө зээлэхдээ бүх нөхцөлийг зөвшөөрч, барьцаа хөрөнгө тавина. Зээлийн гэрээ байгуулснаа нотариатаар баталгаажуулна. Ингэсэн тохиолдолд зээлээ төлж чадахгүй бол бүх хууль дүрэм мөнгө хүүлэгчийн талд үйлчилнэ. Маргаан үүсвэл шүүгч “Та бүх нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан байна. Зээлээ төлж чадаагүй учраас гэрээнийхээ үүргийг биелүүлж, барьцаа хөрөнгөө зээлдүүлэгчид шилжүүл” гэсэн шийдвэр гарна. Ийм гэрээ хийж, олон хүн хохирчээ.
Анх дөрвөн сая төгрөгийн “Хоногийн зээл” аваад орон сууцаа алдсан хүн ч бий.
Мөнгө хүүлэгчдийг хуулиар далайлган зохицуулах нь зөв. Гэхдээ учиртай хандах байтал УИХ тунг нь хэтрүүлчих шиг боллоо. Иргэний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг есдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Энэ хуульд иргэд хоорондоо мөнгө зээлэхдээ төлбөр авахгүй гэсэн агуулгатай заалт нэмж тусгасан. Ийнхүү хүүлэгчдийн өндөр ашигтай, нэг ч төгрөгийн татвар төлдөггүй бизнест хуулийн дарангуйлал тогтоов. Хүү тооцохгүй бол мөнгө зээлэх нь хүүлэгчдэд утгагүй. Иймээс “гудамжны зах зээл” хар аяндаа хумигдана гэсэн үг. Харин мөнгөө банкинд хадгалуулбал хүү тооцуулна. Хуулийн өөрчлөлтөөс ийм логик ургаж байна. Гэхдээ хүүтэй мөнгө зээлж буй эсэхийг хянах боломжгүйг бүү мартаарай.
... Мөнгө хүүлэгчдийг хуулиар далайлган зохицуулах нь зөв. Гэхдээ учиртай хандах байтал УИХ тунг нь хэтрүүлчих шиг боллоо. Иргэний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг есдүгээр сарын 1-нээс мөрдөнө. Энэ хуульд иргэд хоорондоо мөнгө зээлэхдээ төлбөр авахгүй гэсэн агуулгатай заалт нэмж тусгасан. Ийнхүү хүүлэгчдийн өндөр ашигтай, нэг ч төгрөгийн татвар төлдөггүй бизнест хуулийн дарангуйлал тогтоов ...
Тиймдээ ч хүүлэгчид банк, банк бус санхүүгийн байгууллагуудыг лообийгоор хуулийн дарангуйлал тогтоолоо гэж үзэж буй. Гэхдээ банкууд лообийдоод мөнгө хүүлэгчийг зах зээлээс шахсан нь юу л бол. Угаасаа нийт санхүүгийн зах зээлийн өчүүхэн хэсэг л нь гудамжинд байгаа. Мөнгө хүүлэгчид банкны өрсөлдөгчид огтхон ч биш юм. Харин хүч сорьсон өрсөлдөөн банкууд хооронд л өрнөдөг. Мөнгө зээлүүлэгчид хэтэрхий даварч, маш өндөр хүү санал болгож, иргэдийг хохироон хүүлэгч болсон учраас тэдэнд төр хаалт тавьсан хэрэг. Тэгэхээр ч банк, банк бус санхүүгийн байгууллагууд л зээл хүсэгчдийн хууль ёсны боломжит хувилбар болон үлдэж байна.
Хаалт тавихдаа тунг нь яагаад хэтрүүлсэн гэж үзэж байна вэ? Санхүүгийн зах зээлийн зохицуулалттай, тодорхой хууль дүрмийн хүрээнд ажилладаг байгууллага буюу банк, банк бус санхүүгийн байгууллагын шаардлага, шалгуурыг хангахгүй учраас иргэд мөнгө хүүлэгчийг царайчилж байгаа. “Амьдрал баян” гэсэн хэлц бий. Амьдралын шаардлага байгаа тул ийм төрлийн харилцаа иргэдийн дунд үүсэж байгаа болов уу. Аливаа хууль амьдралд нийцсэн байх ёстой гэдэг. Хуулийн өөрчлөлт амьдралд аль хэр ойрхон вэ гэдэг нь хэрэгжиж эхэлснийх нь дараа тодорхой болно. Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлж буйг хянах боломжгүйг дээр сануулсан. Тэгэхээр энэ хууль мөнгө хүүлэгчдийг зогсоож чадах эсэх нь эргэлзээтэй. Хүүтэй мөнгө зээлэхийг хориглохын оронд хязгаар тавьсан бол амьдралд нийцсэн хууль болох байв. Мөнгө хүүлэгчдийг хүлэхийн оронд хазаарласан нь дээр гэсэн санаа юм. Харин мөнгө хүүлэгч зээл олгосон иргэнээ хүүгээ төлөөгүй гэж шүүхэд өгөх эрхгүй болно. Хэрэв ийм үйлдэл хийвэл хууль зөрчигч болно шүү дээ.
Өөр нэгэн зүйл. Иргэнийхээ гэрээ хийх эрхийг хязгаарлах тусам ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарч байгаа хэрэг гэж хуульчид сануулдаг. Хүүтэй зээл олгохыг хориглосон нь иргэдийнхээ гэрээ хийх эрхийг дордуулж буй хэрэг. Мөнгө зээлэхийн гол утга учир нь хүү тооцож авах юм. Үүнийг хориглож байгаа нь ашиг олох эрхийг хязгаарласантай адил. Нөгөө талаас мөнгө зээлэх хүсэлтэй ч арилжааны банкны шаардлагыг хангахгүй, богино хугацаатай санхүүжилт хэрэгтэй болсон иргэний эрхийг хязгаарлаж байна гэсэн үг. Хүү бол мөнгөний үнэ. Нэг сая төгрөгийг жилийн хугацаанд 20 хувийн хүүтэй зээллээ гэж бодъё. Та сая төгрөг зээлж, жил хэрэглэснийхээ төлбөрт 200 мянган төгрөг төлж байна гэсэн үг. Орон сууц түрээслээд тодорхой төлбөр төлдөг. Орон сууц түрээсэлж болно, гэхдээ төлбөр авах ёсгүй гэж хуульчилж болохгүй биз дээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэж нэмэлт заалт оруулсныг олон хуульч, эдийн засагч эсэргүүцэж байгаа.
Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажилладаг Б.Энхбаяр “Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн за саг сулралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр” гэж твиттертээ жиргэжээ. УИХ Иргэний тухай хуулийг 1994 онд батлахдаа иргэн хүүтэй зээл олгохыг хориглож байсан түүхтэй. Харин 2002 онд Иргэний тухай хуулийг шинэчлэн найруулахдаа иргэн хүүтэй болон хүүгүй зээл олгох эрхийг нээсэн. Гэвч хүүлэгчдийн балгаар ийм эрхийг дахин хориглолоо.