Монгол оюутан, сурагчид Герман, Франц улсад суралцаж эхэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал нөгөөдөр Гадаад хэргийн яаман дээр болох аж. “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд. 1926-1930” сэдэвт уг хурлыг Архивын ерөнхий газар, Монголын дипломатын академи, “Монгол-Германы чуулган” ТББ, “Монгол-Германы гүүр” ТББ, Монгол, Францын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Тус хуралд түүхийн ухааны доктор, профессор З.Лонжид, Д.Цэдэв, Д.Уламбаяр,Х.Мэндсайхан болон Р.Төрдалай, Ч.Болд, Х.Мөнхбаяр, Б.Баярмаа, Г.Сэр-Од зэрэг энэ сэдвээр судалгаа хийдэг судлаачид илтгэл тавих ажээ. Мөн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн сонирхуулж, “Алс газар сураар одогсод” баримтат кино үзүүлэх аж.
Өдгөөгөөс 90 жилийн тэртээ буюу 1926 оны дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургуулиас сурлага, сахилга батаараа шалгарсан 35 хүүхэд эрдэм сурахаар Өрнөдийг зорин мордсон билээ.
Тэд 1926-1930 онд төрөл бүрийн мэргэжлээр Герман, Франц улсад суралцаж, өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерний шахалтаар эгүүлсэн татсан аж.
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэнэ өвөртлөн ирэхээр” алсыг зорьсон тэдгээр хүүхдүүдийн дийлэнх нь улс төрийн галт шуурганд өртөж, зарим нь амь насаараа хохирсон гашуун түүхтэй. Гэвч тэд хожимУлс Монголынхоо тэргүүлэх сэхээтнүүд болж, ажилласан салбар салбартаа анхдагчид болон нэрээ, мөрөө үлдээжээ.
Тэдний дундаас Төрийн хошой шагналт, зохиолч Д.Намдаг, Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн, Төрийн шагналт, академич Т.Аюурзана, их зохиолч Д.Нацагдорж, ардын багш Г.Батсүх, Гавьяат багш С.Бавуу, Монгол киноны анхны найруулагч Т.Нацагдорж, Б.Гомбо, геологийн ухааны анхны доктор Ж.Дүгэрсүрэн, зохиолч, орчуулагч Н.Наваан-Юндэн, номын сангийн ахмад ажилтан Д.Сурмаажав, Д.Цэрэнханд, аж үйлдвэрийн комбинатын ууган ажилтан Х.Юмбүү, утга зохиол судлаач Б.Содном, улсын хэвлэх үйлдвэрийн ууган инженер Ц.Баатарсэнгэ, М.Лувсаннамжил, герман-монгол толь бичиг зохиогч Ш.Цэвэг, анхны токарьчин Б.Сэдэд зэрэг алдартнууд төржээ.