“Талх чихэр” компани Хятадын зах зээлд жигнэмэг экспортлохоо зогсоожээ. Ингэсэн нь хяналт шинжилгээний хүнд сурталтай холбоотой аж. Хүнсний бүтээгдэхүүн урд хөрш рүү экспортлоход манайхаас гадна Хятадын итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлсэн байхыг шаарддаг юм байна. Хятадын лаборатори шинжилгээний хариуг наанадаж нэг сар 10 хоногийн дараа гаргадаг гэнэ. “Талх чихэр” компанийнхан олон нэр төрлийн нарийн боовоо урд хөрш рүү экспортлох сонирхолтой байжээ. Гэвч нарийн боовыг хадгалах хугацаа богино, шинжилгээний хариу хүлээх хугацаа урт тул экспортлох боломж олдоогүй байна. Харин урт хугацаагаар хадгалах боломжтой учир бага хэмжээний жигнэмэг экспортолж байжээ. Гэтэл Хятадын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариу хоёр сарын дараа ирдэг болсон гэнэ. Урт хөршийн лаборатори ийн хүнд суртал гаргах болсон тул экспортоо түр зогсоосон байна.
Тус компанийн маркетингийн албаны дарга А.Мөнхбаяр “Бүтээгдэхүүн экспортлох бүрт шинжилгээ өгдөг нь зардал чирэгдэлтэй байдаг. Нэг удаа шинжилгээ өгөөд тэр хариугаа гааль, хяналтын байгууллагад шалгуулаад жилийн хугацаанд экспорт хийх эрхтэй байх, эсвэл Хятадын итгэмжлэгдсэн лабораторийн салбарыг дотооддоо байгуулах зохицуулалт хийх хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр “Экспортод тарифийн болон тарифын бус саад гэж байдаг. Хятадын гурилан бүтээгдэхүүн манайхаас өндөр үнэтэй. Тиймээс тарифын саад байхгүй гэж болно. Харин тарифын бус буюу бүтээгдэхүүний чанарын шаардлагыг хангах, баталгаажуулах нь саадтай байна” гэсэн юм.
Тэрбум гаруй хүн амтай Хятад бол манай үйлдвэрлэгчдэд далай мэт асар том зах зээл. Бүх Хятадыг больё гэхэд 22 сая хүн амтай Өвөрмонголын зах зээлд хөл тавихад манайхан “хахаж цацна”. Гэвч их хүсэлд нь юу тээглэж, боож хаадгийг “Талх чихэр”-ийн жишээнээс харж болох юм. Нарийн боов, мах, сүү, ноос, ноолуур ер нь юу ч экспортолсон харийнхан чанарын баталгаажуулалт нэхнэ. Манай улсын лабораторийн дүгнэлтэд итгэхгүй. Өөрсдийнхөө, эсвэл дэлхийн нэр хүндтэй лабораторийн шинжилгээний хариунд л итгэнэ. Эцсийн бүтээгдэхүүн экспортлох их хүслийг минь итгэмжлэгдсэн лабораторигүй байдал боомилж байна. Яах ёстой вэ? Их хэмжээний бараа, бүтээгдэхүүн экспортлохын тулд тэдний итгэлийг олох хэрэгтэй. Ингэхийн тулд итгэмжлэгдсэн лабораторитой байх ёстой.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эс Жи Эс” лаборатори Монголд салбар компаниа байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Геохими, нүүрсний чанараар дагнадаг энэ лаборатори “Оюутолгой” зэрэг уул уурхайн томоохон компанитай хамтарч ажилладаг. Монголын уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх том ордоо ашиглаж буй учир нэр хүндтэй лаборатори салбараа нээжээ. Тэгвэл үйлдвэрлэлийн бусад салбарт “Эс Жи Эс” шиг нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори нэн хэрэгтэй байна. Ноос, ноолуур болон түүгээр хийсэн хувцас, эдлэл манай улсын экспортын гол бүтээгдэхүүнд тооцогддог. Гэвч ноос, ноолуурын чанарыг тодорхойлох, ”Энэ 100 хувийн ноолууран хувцас” гээд баталгаажуулаад өгөх итгэмжлэгдсэн лаборатори манай улсад алга. Компаниуд лабораторийн шинжилгээ хийж, бараа, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлсныхоо төлөө хөлс авдаг. Өөрөөр хэлбэл, энэ үйлчилгээ нь бизнес юм. МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ж.Оюунчимэг “Монголын зах зээл жижиг учраас олон улсын итгэмжлэгдсэн лаборатори оруулж ирдэггүй юм. Хятадад лаборатори ажиллуулсан нь дээр үү, эсвэл цөөхөн хүнсний үйлдвэртэй Монголд байгуулсан нь зөв үү. Тэгээд цөөн үйлдвэрээс хэд нь бараа экспортлохоор шинжилгээ хийлгэх нь тодорхойгүй. Ийм байхад Монголд лаборатори нээхгүй” гэлээ.
Нөгөө л хүн ам цөөн, зах зээлийн багтаамжгүй гэсэн бидний суурь бэрхшээл бараа бүтээгдэхүүн экспортлоход ч тээг болж байна. Манай улс Европын холбооны орнуудад 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн импортын татваргүйгээр гаргах боломжтой. Гэтэл одоо 10 орчим бараа л тийш нь экспортолж байна. Олдсон боломжоо бараг ашиглаж чадахгүй байгаа бус уу. Үүнийг “Европчуудын шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн байдаггүй” гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ тэдний итгэлийг даах лабораторид хандах, мөнгө төлөхөөс манайхан жийрхдэг хэрэг. Боломжоо ашиглаж чадахгүй байгаа нь чанарын баталгаажуулалттай л холбоотой. Удахгүй Япон руу 9300 нэр төрлийн барааг нэг ч иений татваргүйгээр экспортлох эрх нээгдэнэ. Тарифын хориггүй болно гэсэн үг. Гэсэн ч бас л “Тарифын бус хоригийг давахгүй нь ээ” гээд суугаад байх уу.
Экспортын хоригийг давах нэг гарц нь өөрсдөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лаборатори байгуулах хувилбар юм. Манай улсын стандарт, баталгаажуулалт, итгэмжлэлийн тогтолцоо 2003 онд батлагдсан хуулийн дагуу явж байгаа аж. Тиймээс тогтолцоо нь олон улсын жишгээс хол хоцорчээ. Олон улсын жишигт нийцүүлэхийн тулд Стандартчлал, тохирлын үнэлгээний болон Хэмжил зүйн хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад буй. Эдгээр хуулийг баталснаар манайд олон улсын жишигт нийцсэн “чанарын дэд бүтэц” бүрдэх аж. Ж.Оюунчимэг “Тогтолцоо бий болсны дараа бусад бэрхшээлээ шийдээд шат ахиад явах байх” гэв.
Гадаад худалдааг хөнгөвчлөх тухай ярихаар “Ногоон гэрлийн компани” гэх мэт импортлогчдыг саадгүй нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг нь богиносгох асуудал хөндөгддөг байлаа. Монгол Улсын эдийн засаг хөгжиж, үйлдвэрлэл эрхлэгчид хөл дээрээ бат зогсохтой зэрэгцэн экспортыг дэмжих, хөнгөвчлөх талаар илүүтэй ярих цаг иржээ. Эрх баригчид ч эдийн засгийг солонгоруулахын тулд экспортын чиг баримжаатай, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гэж амлаж байна. Манай улс гадаад худалдааны “нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлнэ гэж 10 жил ярьж байгаа. МҮХАҮТ-ын Экспортыг дэмжих, хөгжүүлэх газрын дарга Ч.Цэцэгмаа “Гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын бичиг баримтыг бүрдүүлэхэд их цаг зарцуулж байна гэсэн гомдол экспортлогчдоос ирдэг. Засгийн газар Гадаад худалдааны цахим нэг цонхны бодлогоо хэрэгжүүлбэл экспортлогчдын цагийг үрж буй явдлаа зогсооно” гэлээ. Тэгвэл Монголын эдийн засгийн чуулганы үеэр экспортлогчид “Удаан ч гэсэн гаалийн бүрдүүлэлтээ хийж болно. Харин чанарын баталгаажуулалт л хамгийн том тээг болж байна” гэж ярьсан. Тэдний нэг нь болох “Талх чихэр” компанийн Маркетингийн албаны дарга А.Мөнхбаяр “Экспортолж чадвал боруулалтад санаа зовох зүйлгүй. Монголын хүнсний бүтээгдэхүүн чанартай, химийн хольцгүй гэсэн ойлголт өвөрмонголчуудад суучихсан байдаг. Үзэсгэлэн худалдаанд оролцоход нэг хүн 10 хүртэл уут нарийн боов худалдаж авах тохиолдол бий. Хамгийн гол нь тарифын бус саадыг Засгийн газар сэтэлж өгмөөр байна” гэсэн юм.