Монголын малын тоо өсөж, энэ жил бараг 8400 тонн ноолуур авах төлөвтэйгэж буй. Гэвч үүнээс багахан хэсгийг нь л дотоодын үйлдвэрлэгчид худалдан авах чадалтай аж. Жил бүрийн гуравдугаар сарын 20-доор ноолуур бэлтгэж эхэлдэг. Үүний дагуу зарим аймагт энэ ажил өрнөж байна. Гагцхүү Монгол Улс ноолуурынхаа дийлэнхийг алдаад дуусаж буй гэж салбарын мэргэжилтнүүд гомдоллож байна. Манайхан мөнгөгүй болсон тул урд хөршийн наймаачид өмнөх жилүүдээс нэмэгдэн, мөнгөөр цохин ноолуур авах болсон гэнэ.
Манай улс 2014 онд 4035.4 тонн угаасан ноолуурыг 223.8 сая ам.доллароор экспортолж байжээ. Мөн 636.6 тонн самнасан ноолуурыг 61.9 сая “ногоон”-оор нийлүүлснийг Монголын гаалийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Ер нь ноолуураас улсад жилд бараг 300 сая ам.долларын орлого төвлөрүүлдгийн 10 гаруй хувийг л бэлэн бүтээгдэхүүн худалдаж олдог байна. Тэгвэл энэ жилийн тухайд дээрх хувь улам л багасах нь.
Монголын компаниуд түүхий эд авах мөнгөгүй болсныг Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу ярилаа. Тэрбээр “Зээл аваад хятадуудтай өрсөлдье гэхээр банкны хүү жилийн 20 гаруй хувь байгаа. Ашгаасаа давсан зээл авбал компаниуд дампуурна” гэж тайлбарлав. Өмнөх жилүүдээс бараг хоёр дахин олон хятадууд ноолуур худалдан авахаар орж иржээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь ирж, манайд наймаа хийж байгаагүй, шинэ худалдан авагч нар нэмэгдсэн байна.
Энэ талаар Г.Ёндонсамбуу “Манайхны ярьж байгаагаар энэ жил “Монголоос ноолуур ав гэж” улсаас нь (Хятад) хүүгүй зээл өгсөн гэнэ. Уг нь Хятад ноолуурын үлдэгдэл ихтэй байсан. Энэ жил бидний төсөөлснөөс олон худалдан авагч орж ирээд байна. Тэр хэрээр монголчуудын авах түүхий эд эрс багасна. Дотоодын компаниудын худалдан авах чадвар муу байгаа. Ялангуяа жижиг үйлдвэрүүдэд бүр хүнд тусах нь” хэмээн өгүүлсэн юм. Монголын ноос, ноолуурын холбооныхны мэдээлснээр дотоодын ноолуурын 90 хувийг хятадууд худалдан авдаг гэсэн ч энэ жил үүнээс нэмэгдэхийг үгүйсгэхгүй бололтой.
Дотоодын зах зээл муудаж, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь ноолуурын бизнес эрхлэгчдэд сөргөөр нөлөөлж буй. Жил бүрийн арваннэгдүгээр сард ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаагаар 150 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан бол 2015 онд дээрх тоо 30-40 сая төгрөг болж багасчээ. Бас өнгөрсөн онд гадаадын жуулчдын тоо цөөрсөн нь үүнд нөлөөлсөн нь тодорхой.
Мөн хоёр хөршийн эдийн засаг суларснаас иргэдийнх нь худалдан авах чадвар буурсан нь ганзагын наймааны борлуулалт хумигдахад хүргэсэн байна. Манай улсын иргэд хоёр хөршид ноолууран бүтээгдэхүүн аваачиж борлуулдаг, хоёр хөршөөс ч худалдаачид ирдэг байсан нь багассан хэрэг. Үүнээс болж компаниуд эргэлтийн мөнгөний хомсдолд орж, зээл төлөлт нь ч муудаж байгаа гэнэ.
Өнгөрсөн өвөл аймгууд цас ихтэй байсан учраас ноолуур цэвэрхэн байгаач жаахан хагтай байгаа аж. Цэвэрхэн ноолуур жингийн хувьд хөнгөн байх нь малчдад “халгаа”-тай ч одоогоор үнэ нь хямд биш байгаа гэсэн. Тодруулбал, Төв, Архангай, Баянхонгорт гэхэд кг ноолуурыг 60-65 мянган төгрөгөөр худалдан авч байгаа нь дэлхийн зах зээлийн ханшаас дээгүүр үнэ юм. Ноолуурын “гарааны үнэ” цаашид улам доошилдог байж.
Өөрөөр хэлбэл, зүүн зүгээс ноолуур бэлтгэлийн ажил эхэлж, Баян-Өлгийд дуусахдаа ханш нь хамгийн хямдаар тогтдог байжээ. Тэгвэл энэ жил 50 гаруй мянгаар эхэлсэн “гарааны үнэ” 40 орчим мянган төгрөг болох байтал эсрэгээр өсөж, одоогоор 60.000 төгрөгийн ханштай байна. Хятадууд ихээр худалдан авч буй нь үүнтэй холбоотой биз. Өмнө нь урд хөршийн хуучин “бурхинууд” хоорондоо өрсөлддөггүй, нэг үнэ хэлээд авчихдаг байсан бол шинэ хятадуудад мэдлэг дутсан бололтой. Гэхдээ цаашид ноолуурын үнэ тогтворжиж, зүй тогтлоороо хямдрах гэнэ.
Засгийн газраас ноос, ноолуурын салбарт хоёр удаа дэмжлэг үзүүлсэн байдаг. 2011 онд дэмжлэг үзүүлсэн бол 2013 онд “Чингис” бондын хөрөнгөөс энэ салбарынханд санхүүжилт олгосон. Гэхдээ банкны шаардлагыг биелүүлэх гэсээр байтал түүхий эд нь борлогдоод дуусчихдаг тал бий аж. Түүнчлэн Засгийн газраас олгохоор шийдвэрлэсэн зээл тухайн ондоо хаагдчихдаг (буцаан татдаг) нь хүндрэл учруулдаг байна.
Нөгөөтэйгүүр, банк зээл олгохдоо зөвхөн үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг гэнэ. Аж ахуйн нэгжийн үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний компани 60 тэрбум төгрөг гэж тооцсон байхад банкууд 30 тэрбумаар үнэлэх нь ч бий аж. “Чингис” бондоос үлдсэн хөрөнгийг энэ онд шилжүүлж өгнө гэсэн ч компаниуд авч амжихгүй байж магадгүй гэнэ.
Хэрэв засгаас дэмжвэл дотоодын үйлдвэрлэгчдийн худалдан авах ноолуурын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэх боломж бий. Гэхдээ оройтчихсон ч байж мэднэ. Харин банкуудад өмнөх зээлийн үлдэгдэл байгаа бол аж ахуйн нэгжүүдэд аль болох түргэн өгөхийг хүсэж буй юм билээ. Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж асан 2011, 2012 онд манай улс жилд 1500-1700 орчим тонн ноолуур худалдан авдаг байжээ. Харин энэ жил 600-700 тонн болж буурахаар байгааг Монголын ноос, ноолуурын холбооныхон тооцсон байна. Ингэснээр гүн боловсруулах үйлдвэрүүд түүхий эдгүй зогсоход хүрэх нь.
Өнгөрсөн онд манайд 8200 тонн ноолуурыг Монголын болон Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд бэлтгэсэн дүн бий. Үүний 750 тонныг нь л угааж, самнаж, сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолжээ. Уг нь хэдхэн жилийн өмнө ноолуурын үйлдвэрүүд 2025 он гэхэд дан самнасан ноолуур болон бэлэн бүтээгдэхүүн экспортлох том зорилт тавьж байжээ. Хэрэв урд хөрш рүү гаргаж буй угаасан ноолуурт самнах боловсруулалт хийвэл жилд 60 орчим сая ам.долларын орлого нэмэгдэх тооцоо бий.
Цаашилбал, самнасан “цагаан алт”-аа ээрч, утас болгон, хувцас, нэхмэл эдлэл үйлдвэрлэвэл энэ салбараас “саах” ашиг нэмэгдэх учиртай. Өдгөө манай улс 20 гаруй оронд ноолууран бүтээгдэхүүн экспортолж буй. Гэхдээ ноолууран бүтээгдэхүүний хэрэглээний тархац бага аж. Европт ердөө Англи, Франц, Итали, Испани гэсэн цөөн оронд ноолуур хэрэглэдэг байна. Хэдий өндөр шаардлага тавьдаг ч Япон улстай байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болбол нөхцөл байдал сэргэхэд нөлөөлнө гэж үйлдвэрлэгчид найдаж байна.