Их Британийн цэргийн алба хаагч Ли Ригбигийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, нэмж гурван хүнийг Лондонгийн цагдаа нар баривчилсан байна. Энэ хэрэгт сэжиглэгдсэн Майкл Адебовейл гэгчийг уг дуулиант хэрэг болохоос хоёр сарын өмнө баривчилж байсан аж. Тэрбээр лалын шашинтны идэвхтнүүдийн бүлэгт багтдаг байжээ. Британийн цэргийн албан хаагчийн аминд халдах зорилготой хуйвалдаанд сэжиглэн, өмнө нь нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүнийг баривчилсан байна. Гэвч эмэгтэйчүүдийг нь суллаж, эрэгтэйг нь цагдаж байх болжээ. Энэ хэргийн хоёр дахь сэжигтэн Майкл Адеболажийг 2010 онд Кени улсын эрх баригчид баривчилсан аж. Тэрбээр хэсэг залуугийн хамт Сомали улсын хилийн дэргэд баригдсан байна.
Кенийн эрх баригчдын мэдээлснээр бол Адеболаж болон түүний нөхөд Сомалийн лалын радикал үзэлтнүүдийн “Аль-Шабаб” гэдэг бүлэглэлд нэгдэх бодолтой байжээ. Адеболаж, Адебовейл нар баривчлагдах үедээ шархадсанаас одоо харуул хамгаалалт дор эмчлүүлж байгаа гэнэ. Хатан хааны буудлагын хорооны бөмбөрчин, 25 настай Ли Ригби энэ сарын 22-нд Вулвич дүүрэгт амиа алдсан юм. Түүнийг хар арьстай хоёр эр хутгалсан аж. Тэд хутгалахын өмнө зодсон гэсэн зарим эх сурвалжийн мэдээ ч байдаг гэнэ. Ригбиг алсан нь Английн цэргүүд лалын шашинтнуудын амийг хороосны хариуг авч буй үйлдэл гэж сэжигтнүүдийн нэг нь хэлжээ. Бас Парис хотноо эргүүл хийж байсан цэргийн албан хаагчийн хүзүүн тус газарт нь үл таних залуу хутгалсан хэрэг гарчээ. Хохирогчийн гэмтэл аз болж амь насанд нь аюулгүй гэнэ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Бид бүх талаас нь судалж байна. Одоогийн байдлаар энэ хэ рэг Лондонд болсон аллагатай холбоотой гэсэн баримт алга” гэсэн боловч Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан “Тэд уг хүнийг цэрэг болохоор нь алах оролдлого хийсэн. Бид терроризмийн эсрэг тууштай тэмцэл явуулна” хэмээх мэдэгдэв. Энэ хэргийг Францын терроризмтой тэмцэх алба мөрдөн шалгаж байгаа аж.