Оросын Төрийн Думийн дарга Сергей Нарышкин тэргүүтэй төлөөлөгчид Хятадад айлчилж буй бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Чан Дэцян нартай өнөөдөр уулзах аж. Оросын Парламентын доод танхимын тэргүүн Орос, Хятадын Парламентын хамтын ажиллагааны комиссын VI хуралдаанд мөн оролцоно. Хятадын Парламенттай холбоотой ажиллах депутатуудын бүлгийн зохицуулагч Сергей Штогрины хэлснээс үзвэл тус комиссын хуралдаан жил тутам Орос, Хятадад ээлжлэн болдог бөгөөд хууль тогтоох ажлын туршлага солилцдог аж.
Одоогийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд нь хоёр талын хамтын ажиллагааны томоохон төслүүд, түүний дотор эрчим хүч, шинэчлэлийн технологи, тээврийн дэд бүтцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай байх бололтой. Түүнчлэн нийгмийн хамгааллын хүрээнд иргэдээ дэмжих, Засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах талаарх хэлэлцэх аж. Хоёр орны үзэл бодол нэгдэж буй асуудлаар Орос, Хятад улсууд нэгдсэн байр суурьтай байхын тулд олон улсын парламентын чуулга уулзалтууд дээр харилцан ажиллах талаар бас ярилцана гэж Сергей Нарышкин мэдэгдэв. Оросын Төрийн Думийн даргын нэгдүгээр орлогч, Оросын КН-ын Төв хорооны даргын нэгдүгээр орлогч Иван Мельников ИТАР-ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа “Найрамдал, стратегийн түншлэлийн талаар хэлсэн үг бүхэн харилцан ашигтай хамтын ажиллагааны аливаа салбар, хүрээнд тодорхой алхмаар байнга бэхжиж батлагдаж байхыг Орос, Хятад улсууд сонирхож байна” гэсэн аж.
Төлөөлөгчид Оросын киноны долоо хоногийн нээлтийн ёслолд оролцоно. Тэд маргааш Харбин хотод зочлох юм. Сергей Нарышкин Оросын 2000 шахам оюутан суралцдаг Хэйлунцяны их сургуулийн оюутнуудын өмнө үг хэлэх аж. Мөн 1945 онд Манжуурыг япончуудаас чөлөөлөх дайнд амиа алдсан Зөвлөлтийн цэргийн хөшөөнд цэцэг өргөнө.
Р.ЖАРГАЛАНТ