Мексикийн зүүн хойд хэсгээс агнуурын болон түүвэрлэгчдийн нийгэмд хамаарах 5000 гаруй сүг зургийг археологичид илрүүлжээ. Шаргал, улаан, цагаан, хар өнгийн тэдгээр сүг зурагт хүн, буга, гүрвэл, жаран хөлт зэргийг дүрсэлсэн байсныг Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгээс танилцуулсан байна. Түүнчлэн одон орон, шашин, хийсвэрлэлд хамаарахуйц дүрс байсан нь он жилийн уртад элэгдэлгүй өнөөг хүрчээ.
Мексикийн Тамаулипас мужийн нутагт орших уулын агуй, хадархаг 11 газраас тэдгээр бүтээлийг илрүүлсэн гэнэ. Испани хэлтгүүдээс өмнө энэ нутагт хүн суурьшиж байгаагүй хэмээн өнөөг хүртэл үзсээр иржээ. 4926 сүг зургийн хамаарах үеийг археологичид нарийн тодорхойлоогүй бөгөөд химийн шинжилгээгээр чухам хэчнээн жилийн настай болохыг нь тогтоохоор судлаачид ажиллаж эхэлсэн байна.
Б.ЦЭЦЭГСҮРЭН