Автомашин үйлдвэрлэгч “Ford” компани 1925 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж буй Австралийн Викториа муж дахь хоёр үйлдвэрээ 2016 оноос хаахаар шийдсэнээ өчигдөр мэдээллээ. “Ford Australia” өнгөрсөн санхүүгийн жилд 141 сая австрали долларын (136 сая ам.доллар) алдагдалтай ажилласан тул дээрх шийдвэрийг гаргаснаа гүйцэтгэх захирал Боб Гра зиано тайлбарлажээ. Тэрбээр “2016 оны аравдугаар сард үйлдвэр хаалгаа барина. Ингэснээр 1200 хүн ажилгүй болох юм” гэжээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд уг салбарын алдагдал 600 сая австрали долларт хүрсэн байна. “Ford” компани хэдийгээр үйлдвэрлэлээ зогсоосон ч Австрали руу бүтээгдэхүүн экспортолсоор байх агаад үүндээ 1500 гаруй хүн ажиллуулахаар төлөвлөсөн гэнэ. Австрали долларын ханш чангарсны улмаас тус улсын автомашин үйлдвэрлэлийн салбар үндсэндээ уналтад ороод байгаа аж.
Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд иентэй харьцах ханш нь 29 хувиар чангарснаар Австралийн бүтээгдэхүүнүүдийн үнийн өрсөлдөх чадвар муудсан юм. Австралийн Засгийн газар авто машины үйлдвэрлэлээ дэмжихээр өнгөрсөн жил 5.4 тэр бум ам.долларын санхүүжилт олгосноос “Ford Australia” 34 сая ам.доллар хүртэж байжээ.
Б.АНАР