Венесуэлийн Гадаад хэргийн сайд Элиас Хауа АНУ-тай харилцаагаа хэвийн болгож, хоёр орны хооронд дипломат харилцааг дээд түвшинд сэргээхэд бэлэн буйгаа мэдэгдэв. AFP мэдээлснээр, сайд Хауа орон нутгийн телевизээр хийсэн мэдэгдэлдээ энэ тухай өгүүлжээ. Социалист лидер агсан Уго Чавесын эрх барьсан 14 жилийн хугацаанд Каракас, Вашингтоны дунд маргаан, үл ойлголцол элбэг байсан нь эцэстээ хэн хэнийг нь Элчин сайдаа эгүүлэн татахад хүргэсэн.
Венесуэл, Америкийн харилцаа 2010 оноос хойш итгэмжлэгдсэн төлөөллийн түвшинд явагдаж байгаа юм. Тэр үед Венесуэлд суух Элчин сайд Ларри Палмерыг нь Каракас хүлээн авахаас татгалзсаныг үл харгалзан, АНУ нэр дэвшигчээ солиогүй байна. Венесуэлийн Засгийн газар болон Колумбын зүүний босогчдын хооронд илэрхий холбоо байгаа талаар Палмерын хэлсэн үг Каракасын дургүйцлийг хүргэж, мансууруулах бодисын эсрэг үр дүнтэй тэмцэл хангалттай хийхгүй байгаа тухайд нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тавьсан шүүмжлэл гэдэнг нь нэг мөсөн хөдөлгөсөн гэнэ.
Гэхдээ Вашингтон эдүгээ Венесуэлийн худалдааны гол түншийн нэг хэвээр байгаа. АНУ-д 2012 онд нийлүүлсэн Венесуэлийн нефтийн хэмжээ хоногт 900 мянган баррельд хүрчээ.
Х.ЭНХ