Францын хэт зүүний “Үндэсний фронт”-ын удирдагч, хатагтай Марин Ле Пен усгүй бассейнд унаж ууцаа хугалсан аж. Тэрбээр одоо бусдын дэмгүйгээр хөдөлж чадахгүй байгаа ч ажлаа хийсээр байгаа гэнэ. Энэ явдал нэг долоо хоногийн өмнө болсон ч тавдугаар сарын 18-нд олны сонорт хүрсэн байна. Энэ өдөр Ле Пен сонгуульд зориулсан уулзалтад оролцох ёстой байж.
Марин Ле Пений эцэг, “Үндэсний фронт”-ыг үүсгэн байгуулагч Жан Мари Ле Пен ийм явдал болсныг уулзалтад оролцохоор ирсэн хүмүүст мэдээлжээ. Марин Ле Пен 2011 оны нэгдүгээр сараас “Үндэсний фронт”- ыг тэргүүлж байгаа аж. Энэхүү фронтыг эцэг нь 1972 онд үндэслэсэн байна. Ле Пен лалын шашинтнуудад таалгүй ханддагаа нуудаггүй бөгөөд Франц руу цагаачилж ирэхийг хориглохын төлөө байр суурьтай байдаг юм.
2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр өрсөлдөн 18 хувийн санал авч гуравдугаарт орсон аж. Бас дараа нь Парламентын сонгуульд оролцоод хангалттай санал авч чадаагүй байна.