Өнгөрсөн сонгуульд Ерөнхий сайд асны нам ялсан бөгөөд түүний гол өрсөлдөгч байсан “Шударга ёсны төлөө Пакистаны хөдөлгөөн” намын дэд ерөнхийлөгч Захра Шахид Хусейний амийг Карачи хотоос холгүй хөнөөсөн байна. Захра Шахид Хусейн нь эмэгтэй хүн бөгөөд “Шударга ёсны төлөө Пакистаны хөдөлгөөн” намын төлөөлөгчийн ярьснаар бол, түүнийг ажилдаа явахаар гэрээсээ гарч ирэхэд нь мотоциклоор давхиж ирсэн гурван хүн дайрсан аж. Цүнхийг нь дээрэмдэх гэж байна гэж бодсон дэд ерөнхийлөгчийг цүнхээ тэдэнд өгөхөд хоёр удаа толгой руу нь буудаж орхисон байна. Дэд ерөнхийлөгч эмнэлэг рүү хүргэх замд түргэн тусламжийн машин дотор амьсгал хураажээ.
Аллагын шалтгаан тодорхой болоогүй байна. Цагдаагийн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн тэндхийн хэвлэлд бичиж буйгаас үзвэл “Шударга ёсны төлөө Пакистаны хөдөлгөөн” намын тэргүүн Имран Хан уг аллагын хариуцлагыг Ерөнхий сайд асны “Пакистаны лалын лиг” намд тохож байгаа юм байна. CNN тэмдэглэснээр Карачи хот болон сонгуулийн хэд хэдэн тойрогт энэ сарын 19-нд дахин санал хураах гэж байжээ. Парламентын болон бүс нутгийн хууль тогтоох байгууллагын сонгууль тавдугаар сарын 11-нд болсон аж. Лалын радикалуудтай холбоо сүлбээтэй гэж шүүмжлүүлж байгаа Ерөнхий сайд асан Наваз Шарифын тэргүүлж буй “Пакистаны лалын лиг” нам ялалт байгуулсан юм.
Түүний гол өрсөлдөгч нь Имран Ханы удирддаг “Шударга ёсны төлөө Пакистаны хөдөлгөөн” нам байв. Пакистаны хүний эрхийг хамгаалагч FAFEN байгууллага сонгуулийн дараа зарласнаас үзвэл зарим хэсэгт санал хураалтад оролцогчдын тоо 100 хувиас хэтэрчихсэн аж. Санал хураах өдөр тус улсын олон районд алан хядах ажиллагаа болж дор хаяж 24 хүний амь хохирсон байна. “Лалын бус” сонгуульд хор хохирол учруулахаа Пакистаны талибууд өмнө нь мэдэгдэж байжээ.
Р.ЖАРГАЛАНТ