Хэргэм цолыг өвлүүлэх тухай хуульд эмэгтэйчүүд нь эрчүүдийн адил эрхтэй байхаар өөрчлөлт оруулахыг хүсэж Английн язгууртан гаралтай гэр бүлүүдийн 200 гаруй төлөөлөл эрх баригчдадаа хандсан байна. Захидал бичигчид ширээ залгамжлах тухай хуулийг эргэн авч үзсэнийг жишээ болгож дурдсан аж. Шинэ журмаар ханхүү Уильямын хүүхэд ямар хүйстэйгээсээ үл хамааран хаан ширээг залгамжлах эрхтэй болсон байна.
“Одооноос хааны гэр бүлийн нэг ч охин нь ахаасаа доогуур байр суурь эзлэхээ болино. Энэ бол маш ухаалаг зохицуулалт гэж бид үзэж байна. Хүйсийн тэгш байдлыг хааны гэр бүлд ч хүлээн зөвшөөрч буй юм бол энэ зарчмыг бүх айлд дэлгэрүүлэх нь зохимжтой” гэж захидалд өгүүлжээ. Захидалд гарын үсгээ зурсан хүмүүсийн дотор өнгөрсөн онд 28 настай хүү нь Кени улсад амиа алдсан лорд Монсон байгаа бөгөөд тэрбээр “Миний хүү амь үрэгдсэнээр дараагийн үед маань хамаарах ганц ч эр хүйстэн алга болсон. Тийм болохоор охин Изабелла маань миний хэргэмийг өвлөн авч яагаад болохгүй байх билээ. Энэ үүргийг гүйцэтгэхэд хэрэгтэй бүх авьяас чадвар түүнд бий” гэж мэдэгдсэн байна.