Ерөнхийлөгч Владимир Путин бизнесийн төлөөлөгчидтэй уулзахдаа ярилцаж магадгүй байгаа бөөнөөр нь үзүүлэх өршөөлийн ачаар Михаил Ходорковский, Платон Лебедев нар энэ онд суллагдаж болзошгүй байна. Өршөөл үзүүлэх шалтгаан нь Оросын Үндсэн хуулийн 20 жилийн ой юм.
Шинжээчдийн нийгэмлэг болон Дээд шүүх дэх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Михаил Барщевский төслийг боловсруулжээ. 110 мянган бизнесменд өршөөл үзүүлэх тухай асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэхээр төлөвлөж байна. Гэхдээ өршөөлд хамрагдах хүмүүсийн нэр тодорхой бус байгаа аж. Гэлээ ч ямар хүмүүс өршөөлд хамрагдаж болох талаарх шалгууруудыг бэлэн болгожээ.
Шалгуурт залилан, мөнгө хөрөнгө үрэн таран хийсэн, гэмт хэргийн замаар хөрөнгөжсөн зэрэг асуудлыг оруулсан байна. Сонсоход үнэндээ хачирхалтай ч өршөөл үзүүлэхээр болсон тохиолдолд чухам ийм гэмт хэрэгт холбогдсон хүмүүс шоронгоос гарах аж. Мөн ялаа эдэлж байгаа болоод шүүхээс ял аваагүй байгаа хүмүүст ч энэ өршөөл үйлчлэх гэнэ. Михаил Ходорковскийн өмгөөлөгч Вадим Клювгант үйлчлүүлж байгаа хүнийх нь нэр өршөөлд хамрагдах хүмүүсийн нэрийн жагсаалтад орсон эсэхийг мэдэхгүй байгаа аж. Михаил Ходорковский, Платон Лебедев нар одоо жирийн дэглэмтэй шоронд 11 жил болж байгаа юм.
Тэдний шоронд хоригдох хугацаа 13 жил байсныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд Москвагийн шүүхийн тэргүүлэгчдийн тогтоолоор 11 жил болгосон. Тийм болохоор Лебедев 2014 оны наймдугаар сард, Ходорковский аравдугаар сард суллагдах ёстой.
Р.ЖАРГАЛАНТ