Сири дэх дайн өргөжиж буй тул түүнийг энхийн аргаар зохицуулахыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ сарын 15-нд гаргав. Тогтоолыг 107 орны төлөөлөгч дэмжиж, 59 төлөөлөгч түдгэлзэж Орос, Беларусь, Хятад Иран, Сири, Венесуэл, Умард Солонгос зэрэг 12 орны төлөөлөгч эсэргүүцсэн санал өгчээ. Нэг жилийн өмнө бол ийм тогтоолыг 133 орон сайшааж байжээ. Энэ удаад тогтоолыг дэмжигчид цөөрсөн нь Сирид Засгийн газрын цэргийн эсрэг байлдаж буй дайчдын төлөө санаа зовох нь ихэссэнтэй холбоотой аж.
Сирид хүний суурь эрх, хүмүүнлэгийн эрхийг зөрчиж, тус улсын эрх баригчид хүнд зэвсэг хэрэглэж, хөрш орнуудынхаа нутаг дэвсгэр рүү буудаж байгааг НҮБ-ын тогтоолд буруушаажээ. Зөрчилдөөнийг зохицуулахын тулд Ерөнхийлөгч болоод Засгийн газрын үүргийг гүйцэтгэх шилжилтийн үеийн удирдах байгууллага бий болгож, Үндсэн хуулийг эргэн харж, сонгууль явуулахыг НҮБ санал болгосон байна. Зөрчилдөөнийг зохицуулах асуудлаарх яриа хэлэлцээнд оролцох Сирийн үндэсний эвслийг сөрөг хүчин байгуулсныг НҮБ-ын гишүүн орнууд талархал хүлээж авав. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өмнө нь татгалзаж, байсан Орос ийм алхам хийх нь Сирийн Ерөнхийлөгчийн эсрэг дайны ажиллагаагаа сөрөг хүчин хүчтэй болгохыг хөөрөгдсөн хэрэг болно гэж мэдэгдлээ.
ОХУ-ын ГЯЯ тогтоолын төслийг “бодит бус, нэг талыг барьсан” гэж үзжээ. Учир нь Сирид бий болсон нөхцөл байдлын хариуцлагыг гагцхүү Дамаскад тохоод, Асадын дайснуудын үйл ажиллагааг тогтоолын төсөлд ер хайхралгүй орхисон байна. Сирийн зөрчилдөөнийг зохицуулах асуудлаар олон улсын Бага хурал тавдугаар сард хийхээр Орос, Америк хоёр урьд нь тохирсон байв.