Италийн нэрт жүжигчин Жина Лоллобрижидагийн эдэлж хэрэглэж байсан шар өнгөтэй эрдэнийн чулуу энэ сарын 14-нд Женев хотноо болсон дуудлага худалдаанд дээд амжилт тогтоов. Эздийнх нь тоонд алдарт жүжигчнээс гадна 1909-1925 онд эрх барьж байсан Персийн хаан Ахмед Кажар ордог 74.53 каратын энэ чулуу 2.985 сая доллараар зарагджээ. Түүнийг чухам хэн авсныг уламжлал ёсоор нууцалж байна.
Судас хатуурах өвчнийг анагаах эмнэлэг Италид байгуулах гээд түүнийгээ санхүүжүүлэхийн тулд Лоллобрижида ховор үнэт чулуу болон бусад нандин зүйлсээ зарахад хүрсэн аж. Жүжигчин сувд эрдэнийн ээмгээ 2.39 сая доллараар зарсан нь мөн л урьд өмнө байгаагүй өндөр үнэд хүрсэн байна. Женевт болсон энэ удаагийн дуудлага худалдаагаар нийтдээ 78 сая долларын арилжаа хийжээ.