Саяхан Оросын иргэн болсон Жерар Депардье хууль сахидаг, үлгэр жишээ хүн байж, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр олсон орлогоосоо татвар төлж байхаар шийджээ. Депардье энэ оны эхээр Оросын иргэний паспорт авсан бөгөөд өөрийн анд, Улсын киноны фондын дарга Николай Бородачевийн тусламжтайгаар оршин суух газраараа Мордовийн нийслэл Саранск хотыг сонгож авсан байна.
Бүх татвараа тэрбээр эндээс төлж байх аж. Энэ сарын 19-20-нд жүжигчин Мордовт байж, “Жерар Депардьегийн соёлын төв”-өө хуулийн этгээдээр бүртгүүлэх юм байна. Энэ төвийн нэг гол үүрэг нь татвар төлж буй байдалд хяналт тавих гэнэ. Жүжигчин маань чухам өндөр татвараас болж Францын иргэншлээс татгалзсан билээ.
Бородачевын үгээр бол Депардье тайзны болон дэлгэцийн урлагийн үйл ажиллагаа эрхлэхээр төлөвлөж буй юм байна. Депардье бас Дэлхийн хөлбөмбөгийн холбоон дахь Мордовийн элчээр хоёрдугаар сард томилогдсон билээ. Энэ нь 2018 онд болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотой бөгөөд Саранскад зарим тоглолт нь болох аж. Бородачев өөрийн шинэ анддаа ихээхэн тусалж байгаа гэнэ. Оросын иргэн болохыг хүсэж бичсэн захидлыг нь засаж янзалж өгснөөс гадна түүнийг Оросын өнөөгийн бодит байдалтай, юуны урьд өөрийн төрөлх нутаг Мордовтой танилцуулжээ.
Мордовийн БНУ Депардьег халуун дотно угтсанаар барахгүй Соёлын сайд болохыг санал болгосон байна. Бородачев Депардьегийн хувийн үйлдвэрт хийдэг дарсыг удахгүй Орост борлуулах бололтой.