Хятад улс Тажикстаны газар нутгийг эзэлсэн гэх мэдээлэл Оросын цахим мэдээллээр долоо хоногийн өмнө олны сонорт хүрсэн байна. Хятадын цэргүүд Тажикийн Уулын Бадахшан мужийн Мургаб районд энэ сарын 6-нд хяналтаа тогтоосон гэх мэдээллийг Forum- msk.ru хэмээх цахим сонин Тажикийн сөрөг хүчний эх сурвалжаас иш татан цацсанаас бүх юм эхэлсэн аж. Уг мэдээллийг албан ёсоор нотолсон юм байхүй ч хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд түүнийг түгээсээр байна. Душанбе гадаад өрөө дарахын тулд газар нутгаасаа Хятадад өгсөн гэж зарим нь мэдээлэв. Тэгвэл Киргизийн хилийн албаны тэрг үүн Токон Мамытов уг мэдээллийг сонины “өгөөш” хэмээн үзэж үгүйсгэсэн аж. Өөрийнх нь ярьснаар тэрбээр Тажикстаны хилийн цэргийн удирдах газрын тэргүүн Миро Шералитэй ярихад “байдал хэвийн байгаа” гэж хэлсэн гэнэ. Түүнээс гадна Хятад улс Тажиктай найрамдалт харилцаатай, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сахих талаар олон баримт бичиг байсаар байхад хөршийнхөө нутаг дэвсгэрээс эзэлж авна гэдэг байж болшгүй явдал гэж Мамытов мэдэгдсэн байна. “Росбалт” сайтын сурвалжлагч Тажикстаны зарим иргэнтэй холбогдоход “хятад хүн харагдаагүй” гэж хэлсэн гэнэ.
Тажикистаны Asia-Plus медиахолдингийн тоймч Хайрулло Мирсаидов “Росбалт”-д мэдээлэхдээ, Хятадын түрэмгийллийн тухай цуу яриаг Орос гаргаж, түүнийг дэвэргэж байна. Өөрийн хилчдээ манай хил рүү эргүүлж авчрах зорилготой нь илэрхий гэсэн аж. “Цинийн удмынхны хаанчлалын үед нутаг дэвсгэрийнх нь бүрэлдэхүүнд орсон газрын тухай Хятад, Тажикистаны хоорондын маргаанд 2011 онд цэг тавьсан. 2002 онд гарын үсэг зурсан хэлэлцээрийн дагуу Тажикстан 1000 ам км газраа (Дорнод Памирын) Хятадад өгсөн юм гэж “Аргументы и факты” сонинд бичсэн байна. Хятад улс бусдын нутгийг эзэлж авсан тухай мэдээлэл нь 2014 онд хийхээр төлөвл өж байгаа Америкийн цэргийг Афганистанаас гаргахын өмнө Москва, Вашингтоны сөргөлдөөний хүрээнд явуулж буй мэдээллийн дайны сэжүүр гэж “Росбалт” үзсэн байна. Тэгэхдээ Өмнөдөөс довтолж болзошгүй тухай мэдээллийн панзлалд үнэний хувь бас бий. Лалынхан идэвхжих нь магадлалтай, харин ямар хэмжээнд бол... гэж тэмдэглэжээ.
Оросын цэргийн баазыг Киргиз, Тажикстанд байгуулах нөхцлийн талаарх хэлэлцээрийг батлах тухай хуульд В.Путин гарын үсэг зурахаас хоёр хоногийн өмнө энэ “Хятадын түрэмгийллийн тухай мэдээлэл гарч ирснийг тус сайт тэмдэглэсэн байна. 2012 оны аравдугаар сарын 5-ны хэлэлцээрээр Оросын цэргийн бааз байх хугацааг 49 жилээр сунгасан бөгөөд 2042 он (1993 оноос хойш) хүртэл Тажикстанд байна гэсэн үг. Уг хэлэлцээрийг Тажикстан батламжлаагүй байгаа аж. ОХУ-ын ШУА-ийн Угсаатан судлалын хүрээлэнгийн Төв Азийн хэлтсийн дарга Сергей Абашин “Киргиз, Тажикистанд Кремль идэвх гаргаж буй нь АНУ, Узбекистан хоёр сүжирч буйд өгч байгаа хариу” гэж үзэж байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол одоо Афанистанд хэрэглэж буй НАТО-гийн зэвсгийн ихээхэн хэсгийг Узбекистанаар дамжуулж зөөх төдийгүй зарим хэсгийг нь Узбекистанд үлдээх аж. Киргиз, Тажикстанд бэхжиж авахын тулд Узбекистан дахь байр сууриа Кремль алдаж байна гэж сэтгүүлчид дүгнэж байна.
Р.ЖАРГАЛАНТ