Мэдээллийн “Ассошиэйтед пресс” /АР/ агентлагийн сэтгүүлчдийн утасны ярианы талаар эрх баригчид мэдээлэл олж авсан гэх хэрэгт Цагаан ордон ямар ч хамааралгүй хэмээн Америкийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ. Нэгдсэн улс дахь мэдээний хамгийн том агентлаг болох АР даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ дор хаяж 100 гаруй сэтгүүлчдийнх нь ашигладаг телефон утасны 20 илүү шугамын яриаг 2012 оны 4-5 дугаар сард чагнан, бичлэгийг нь Хууль зүйн яам нууцаар хүлээн авсан тухай өгүүлсэн аж.
Нью-Йорк, Вашингтон, Хартфорд хот, Коннектикут муж дахь АР-ийн салбар товчооны байр, Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын байрнаас болон хувийн гар утаснаас хийсэн дуудлага үүнд багтаж байгаа юм байна. Харин Цагаан ордны төлөөлөгчийн нотолсноор бол, хэвлэлээр хэдий дээрх мэдээлэл тараад байгаа ч Хууль зүйн яам ийм асуудалд оролцсон эсэх талаар баримт одоогоор алга гэнэ. Хууль сахиулах байгууллагууд АР-ийн ажилтнуудын утасны яриаг ямар шалтгаанаар чагнасан нь тодорхойгүй ч АР өөрөө 2012 оны тавдугаар сарын 7-нд гаргасан мэдээлэлтэй холбон үзэж буй. АР тэгэхэд уг мэдээндээ ТТГ-ын Йеменд явуулсан нууц ажиллагааны нарийн ширийнийг дэлгэсэн юм.
2012 оны хавар АНУ-ын нутаг дээгүүр нислэг үйлдэх үеэр нь онгоц дэлбэлэхээр төлөвлөж байсан “Аль-Каида”-гийн ажиллагааг ТТГ таслан зогсоосон аж. Нууцын зэрэглэлд хамаарах дээрх мэдээллийг задрууллаа хэмээн АР-ийг шүүмжилсэн ТТГ-ын захирал Жон Бреннаныг АР-д мэдээлэл дамжуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж ХМТ түүнээс байцаалт авсан юм.
Х.ЭНХ