“The Wall Street Journal”-д мэдээлснээс үзвэл, АНУ-ын дээд сургуулиудад элсэх шалгалт өгөх хүмүүсийн зарим нь шалгалтын материалтай урьдчилан танилцсан байх вий хэмээн сэрэмжлэхийн учир уг шалгалтыг хойшлуулсныг БНСУ-д зарлав. Шалгалтыг зохион байгуулдаг хүмүүсийн ярьснаар бол түүнд бэлтгэдэг зарим төв шалгалтын асуултыг урьдчилан тарааж өгсөн байна. Үүнийг эрс хориглодог аж. Хэргийг мөрдөн шалгаж буй бөгөөд хэд хэдэн багш сэжиглэгдээд байгаа гэнэ. Багш нарыг гадагш явахыг хориглосон байна. Элсэлтийн шалгалт авахыг зогсоосон нь түүхэнд анхны тохиолдол аж. Тавдугаар сард авахаар төлөвлөж байсан шалгалтыг зургадугаар сард авч магадгүй ч АНУ-д боловсрол эзэмшихээр шийдсэн БНСУ-ын 1.5 мянган залуус эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж Япон, Хятадад суралцах шалгалт өгөхөөр шийджээ.
АНУ-д суралцах элсэлтийн шалгалтын асуултыг худалдах явдал цөөнгүй гардаг бөгөөд дунджаар 4.5 мянган доллараар түүнийг олж авч болох гэнэ. Хүүхдүүдээ Харвард, Стэнфорд болон Америкийн нэр хүндтэй дээд сургуульд сургахыг хүссэн эцэг, эхчүүд ийм хэмжээний мөнгөнд гар татдаггүй гэнэ. 2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар БНСУ-аас АНУ-ын их, дээд сургуулиудад 72 мянган хүн суралцаж байжээ. Америкт сурдаг гадаадын оюутны дунд өмнөд солонгосчууд тоогоороо гуравдугаарт жагсдаг байна. Хамгийн олон нь Хятадын (194 мянга орчим), дараа нь Энэтхэгийн (100 мянга) оюутнууд ордог гэнэ. Америкт гадаадын 760 орчим мянган оюутан сурдаг байна.