Английн ВР компани өөрийн ажилтнуудын 12 дахь хэсгийг Триполи хотоос гаргав. Энэ ажиллагааг болзошгүй аюулаас сэргийлж буй арга хэмжээ гэж тус компани үзэж буй юм байна. Ливид суугаа Английн ЭСЯ-ны зааврыг дагаж ийм алхам хийсэн аж. Английн дипломатчид Ливид улс төрийн нөхцөл байдал улайслаа гэж үзэж ЭСЯ-ны ажилтнуудыг мөн нүүлгэн шилжүүлжээ. 2013 оны дөрөвдүгээр сарын эцсээр зэвсэглэсэн хэдэн зуун хүн Гадаад хэргийн яамны байрыг бүсэлсэн тэр үеэс Ливийн байдал хурцадсан юм.
Муаммар Каддафигийн үеийн ажилтнуудыг Засгийн газраас хөөх, ийм хүмүүс төрийн алба хашихыг хуулиар хориглохыг эдгээр зэвсэглэсэн хүмүүс шаардсан. Дараа нь тэд Дотоод хэргийн яамыг эзэлж авах гэж оролдсон. 2011 оны эхээр Ливид иргэний дайн эхэлж, эцэст нь Муаммар Каддафи унаж, улмаар устгагдсан юм. Үүний дараа улс орны эрх мэдэл Түр Засгийн газарт шилжиж, 2012 оны зун Үндэсний бүх нийтийн конгресс төрийн жолоог барих болсон билээ.