ОХУ-ын Цэргийн ерөнхий прокурор Сергей Фридинский Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд албан бичиг илгээж “Оборонсервис” компанийн ерөнхий захирал Сергей Хурсевичийг халахыг хүссэн байна. Фридинскийн үзэж буйгаар бол Хурсевич компаниа хууль мөрдөхөд анхаараагүйгээр барахгүй “өөрөө ч хууль зөрчих замд орсон” гэнэ. Уг хүсэлтийг гурав дугаар сарын 29-нөөр огноолсон байв. “Оборонсервис”-ийн үйл ажиллагаанд мөрдөн шалгалт хийж, улсад нийтдээ таван тэрбум гаруй рублийн хохирол учруулсан үйлдэлд нь эрүүгийн 25 хэрэг үүсгэсэн аж.
“Оборонсервис” Батлан хамгаалах яаманд Италийн “Iveсo” компаниас хуягласан 57 автомашин оруулж ирэхдээ гаалийн татвараас зайлсхийсэн хэрэгт Хурсевичийг буруутгаж буй юм байна. Үүнээс 145 сая рублийн хохирол учирчээ. Хурсевичийн үйл ажиллагааны талаар 2012 оны нэгээс арваннэгдүгээр сард гурван ч удаа “дээш” нь танилцуулга хүргүүлсэн байна. “2013 оны гуравдугаар сарын эхний байдлаар зэвсэг засах, үйлчилгээ хийх хүрээнд л гэхэд 70 хэлэлцээрийг биелүүлээгүй” аж. “Обо ронсервис”-ийн үйл ажиллагаандаа татан оролцуулсан бусад байгууллага, тухайлбал Хуягт танкийн засварын 163 дугаар завод л гэхэд танк, явган цэргийн хуягт машинуудыг засахдаа шинэ сэлбэг хэрэгслийг хуучнаар солих замаар 160 сая рубль завшсан байв.
Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээгээр бол Хурсевичийг ажлаас нь халах шийдвэр нэгэнт гарсан бөгөөд энэ тухай “Оборонсервис”-ийн захирлуудын зөвлөлийн ойрын үеийн хуралдаан дээр зарлах юм байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлснээр, Батлан хамгаалах яамны объектуудыг зарж борлуулахад тус компанийн өндөр албан тушаалтай хүмүүс оролцсон аж.
Р.ЖАРГАЛАНТ