Олон улсын сансрын станцад аммиак алдагдахыг зогсоож чаджээ. Тэгэхдээ энэ шингэн гадагш алдагдахгүй гэх итгэл үнэмшилтэй болоход нэг сарын хугацаа хэрэгтэй аж. Санаанд оромгүй энэ явдал Олон улсын сансрын станцад энэ сарын 10-нд гарсан юм. Америкийн сансрын нисэгч Кристофер Кэссинди, Томас Машберн нар уг гэмтлийг арилгаж чаджээ. Тэд задгай сансарт гараад хөргөлтийн системд аммиак дамжуулахыг тохируулдаг шахуургыг сольсон.
Аммиак алдагдаж буйг чухам энэ шахуургатай холбож үзэж байсан юм. Хөргөлтийн систем одоо хэвийн ажиллаж байгаа гэнэ. Аммиак алдагдаж буй нь ч мэдэгдэхээ больсон байна. Олон улсын сансрын багт одоо Оросын Павел Виноградов, Александр Мисуркин, Роман Романенко, Америкийн Кристофер Кэссинди, Томас Машберн, Канадын Крис Хэдфилд нарын зургаан хүн ажиллаж буй. Романенко, Машберн, Хэдфилд гурав Оросын “Союз” хөлгөөр маргааш эх дэлхийдээ эргэж ирэх ёстой.