Зүүн төвийн “Пакистаны лалын лиг” нам нь энэ сарын 11-нд болсон Үндэсний ассамблейн сонгуульд яллаа гэж Пакистаны Ерөнхий сайд асан Наваз Шариф зарлав. Энэ тохиолдолд Наваз Шариф Ерөнхий сайдын суудалд гурав дахь удаагаа суух юм. Түүний талынхан Лахор хотод төв байрныхаа дэргэд ялалтаа тэмдэглэж байна. Эдний намтай өрсөлдсөн Имран Ханы удирддаг “Шударга ёсны төлөөх Пакистаны хөдөлгөөн” нам ялагдлаа хүлээсэн аж. Тэгэхдээ албан ёсны бус мэдээгээр сонгуульд өрсөлдсөн нэг ч нам 172 мандатын хагасаас илүүг нь авч чадаагүй бололтой. Шариф бусад намынхныг хамтарч ажиллахыг уриалаад байгаа.
Сонгуулийн төв комиссын мэдээгээр сонгогчдын 60 орчим хувь нь сонгуульд оролцжээ. Сонгогчдын идэвх сайн байснаас санал авах хугацааг нэг цагаар сунгасан гэж урьд нь мэдээлж байсан юм. Сонгуулийн үед Пакистанд алан хядах ажиллагаа үйлдэж, 24 хүний амь үрэгдсэн аж. Ер нь одоогоор сонгуульд ялагдсан нь тодорхой болоод байгаа намын гишүүдийн эсрэг алан хядах ажиллагаа, довтолгоон санал хураахаас өмнөх өдрүүдэд гарсаар байсан бөгөөд нийтдээ 130 орчим хүний амь хохироод байгаа аж. “Лалын бус” сонгуульд саад хийхийг оролдоно гэдгээ “Талибаны” Пакистаны салбар урьд нь мэдэгдэж байжээ.
Р.ЖАРГАЛАНТ