Умард Солонгосын нэгэн эмэгтэй цагдаа улсынхаа баатар цол хүртэж, түүнийг удирдагч Ким Жөн Уны амийг аварсан байх гэлцэхэд хүргэв. Өмнөд Солонгосын зарим эх сурвалж цагдаагийн ажилтан Ри Кен Сим удирдагчаа замын ослоос аварсан гэж үзэж байхад Ким Жөн Уныг алах оролдлого гарсан байж магад гэж таамаглах хүмүүс ч байна. Төрийн мэдлийн мэдээллийн агентлагийн өгүүлж буйгаар бол тэр эмэгтэй “урьдчилан харж чадаагүй нөхцөл байдал бий болоход хувьсгалын штабын аюулгүй байдлыг сахиулж байхдаа амиа үл хайрлан баатарлагаар хандсан” аж.
“Хувьсгалын штаб” гэдэг хэллэгийг Солонгост удирдагчаа төлөөлүүлж хэрэглэх нь элбэг байдаг гэнэ. Дайн байлдааны үед баатарлаг гавьяа байгуулсан эсвэл улс орныхоо хөгжилд их хувь нэмэр оруулсан хүмүүст л “Улсын баатар” цол олгодог аж. 2012 оны арванхоёрдугаар сард хиймэл дагуул бүхий пуужин хөөргөх, энэ оны хоёрдугаар сард цөмийн туршилт хийхэд оролцсон эрдэмтэд, техникийн мэргэжилтнүүдэд энэ цолыг бас саявтар хүртээсэн байна.
Өмнөд Солонгос руу зугтан гарагсдыг нэгтгэдэг БНАСАУ-ын оюун санааны эв нэгдлийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кун Хагийн үзэж буйгаар, доод албан тушаалын ажилтан ийм өндөр шагнал хүртэх нь нэн ховор явдал юм. “Замын хөдөлгөөны осол гэдгээр халхавчилж байгаа болохоос биш энэ нь Ким Жөн Уны амь насанд халдах гэсэн оролдлого байсан байх гэж би сэжиглэж байна” гэж тэр хэлжээ. Шагнал гардуулах ёслол дээр Ри уйлаад байгаа нь телевизийн дэлгэцээр харагдсан байна.
Р.ЖАРГАЛАНТ