Аугаа их эх орны дайны сүүлчийн буун дуу 68 жилийн өмнө сонсогдсон юм. 1945 оны тавдугаар сарын 9-нд Вермахтын хүчирхэг машиныг зогсоож, нацизмд үхлийн цохилт өгсөн ард түмнүүдийн ялалтын өдөр болсон билээ. Их хөлс, цус урсгаж, гайхалтай эр зориг гаргаж, асар их шаналан зовж байж энэ өдөртэй золгосон. Тэр дайн эрэмдэглэгдсэн сая сая хувь заяаг ардаа үлдээж, асар олон хүний амийг авч одсон.
Хамгийн их гарз хохирлыг Зөвлөлт Холбоот Улс амсаж, 27 сая хүнээ алдсан юм. Зөвхөн Улаан арми л гэхэд 8.8 сая хүнийхээ амийг хороолгосон. Чухам тийм ч учраас тавдугаар сарын 9-нийг “нүдэндээ нулимстай баяр” гэж нэрлэдэг юм. Өнгөрсөн олон арван жилд тавдугаар сарын 9-ний өдөр бүх ард түмний, тэднийг нэгтгэж нягт руулсан баяр хэвээр байсаар ирэв. Энэ гавьяаг Орост огт мартдаггүй бөгөөд эх орноо хамгаалж дайнд амь үрэгдэгсэд хийгээд амьд үлдэгсдийн өмнө төр нь өөрийгөө төлж баршгүй өртэй гэж үздэг юм. Улам бүр цөөрсөөр байгаа Аугаа их эх орны дайны ахмад дайчдын эгнээнд одоо 3.3 сая хүн байна.
ОХУ-ын Нийгмийн хөгжлийн яам ийм тоо гаргажээ. Эдний тэн хагасаас илүү нь ар талд ажиллаж байсан хүмүүс, фронтод амиа алдсан дайчдын бэлэвсэн гэргий нар, бүслэлтэд байгсад, бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан хүмүүс юм. Фронтод тулалдаж явсан ах мад дайчин 170 гаруй мянга байгаагийн бараг 32 мянга нь тахир дутуу болсон аж. Тэд одоо Баатар хот Москвад аж төрж буй. Тэр дайнд оролцож явсан хамгийн залуу хүний нас өдгөө 86 хүрсэн байна. Өчигдөр Оросын нийслэл хот бүх ард түмний хээ баяр цэнгэлд умбаж өнжлөө. Москвагийн гарнизоны ёслолын парад Улаан талбайд болж, цэргийн техникээ харуулав. Агаарын цэргийн хүчин ч оролцжээ. Парадад цэргийн 11 мянган албан хаагч оролцов.
Тавдугаар сарын 9 нь үндэсний бахархлын өдөр, ахмад дайчдадаа баяр талархлаа илэрхийлэх өдөр. Москвад хөл хө дөл гөөн ихсэж, ахмад дайчид уулзан учирч, ард олноороо цэнгэн зугаалж, баярын дуу хуур хаа сайгүй цуурайтав. Хүндэтгэлийн ууланд дайнд оролцогсод, Зэвсэгт хүчний ахмад дайчид цуглав. Царицынод хоёр том талбайд концерт тогложээ. “Эрмитаж”-ийн цэцэрлэгт Ялалтын бүжиг хийцгээлээ. Горькийн нэрэмжит төв цэцэрлэгт хүрээлэнд цагаан өнгийн цэцгээр дурсгалын самбар босгож, тэнд хүссэн хүн болгон цэцгийн баглаа тавьж байв. Цаг агаарыг сайхан байлгах гэж Агаарын цэргийн хүчний тусгай арван онгоцоор Москва хотын дээрх үүлийг хөөлгөв. Баатар хот Москва, Санкт-Петербург, Волгоград, Новороссийск, Тула, Смоленск, Мурманск болон цэргийн тойрог, флот, ерөнхий цэргийн армийн штабууд байрлаж байсан бусад хот, Севастопольд баярын ёслолын буудлага хийлээ.
Р.ЖАРГАЛАНТ