Дэлхийн худалдааны байгууллагын шинэ Ерөнхий захирлаар Бразилийн иргэн Роберту Азеведуг сонгох шийдвэрийг тус байгууллагын 159 гишүүн хоорондоо зөвлөлдөж байгаад гаргасан аж. Дэлхийн худалдаа, үйлчилгээний 97 хувийг гүйцэтгэдэг тус байгууллагын тэргүүний суудлын төлөөх тэмцлийн сүүлчийн шатанд уг байгууллагад суугаа Бразилийн элч Латин Америкийн бас нэг төлөөлөгч, Мексикийн иргэн Эриминио Бланког ялжээ.
Энэ өрсөлдөөнд Иордан, Гана, Кени, Коста-Рика, Индонез, Шинэ Зеланд, Өмнөд Солонгосын төлөөлөгчид оролцсон байна. 55 настай дипломатч Роберту Азеведу одоогийн ерөнхий захирал, Францын иргэн Паскаль Ламигийн бүрэн эрхийн хугацаа дуусах есдүгээр сарын 1-нээс Дэлхийн худалдааны байгууллагыг тэргүүлж эхлэх юм.