Америкийн дипломат үйл ажиллагааг удирдаж буй Жон Керри мягмар гаригийн өглөө Москвад ирсэн юм. Энэ бол ОХУ-д түүний хийж буй анхны айлчлал. Тэрбээр зочид буудалд төвхнөсний дараа Улаан талбайг зорьж ахмад дайчидтай уулзав. “Энэ дайнд холбоотнуудтайгаа ялалт байгуулах гэж Орос орон эд материалын болоод хүний амины ямар хохирол амссаныг бүрэн хэмжээгээр нь Америкийн бүх хүн мэдэхгүй байгааг би нуулгүй хэлэх ёстой...” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахдаа Жон Керри өгүүлжээ. “Их найм”-ын Ирландад болох уулзалтын үеэр Путинтэй нүүр учрах цагийг АНУ-ын Ерөнхийлөгч тэсч ядан хүлээж буйг Керри мэдэгдсэн байна. Энэ уулзалтаар эдийн засаг, Иран, Умард Солонгос гээд ярилцах асуудал зөндөө байгаа, бас хамтарч ажиллах боломжтой салбар ч олон” гэж Америкийн Ерөнхийлөгч үзэж буйг Керри нэмж хэлжээ.
Бостонд болсон алан хядах ажиллагааг мөрдөн шалгахад ОХУ хамтран ажиллаж буйд тэрбээр талархлаа илэрхийлсэн аж. Путин хэлэхдээ “Түүний (Обамагийн) захидлыг зөвлөх Донилоноос нь би хүлээж авсан. Хариуг нь бэлтгэж байна. Ойрын үед бид уулзалдана гэж найдаж байгаа” гэжээ. Путин, Обама хоёр саявтар утсаар нэлээд нухацтай ярилцсан аж. Орос-Америкийн харилцааны олон асуудлаар тэд саналаа солилцсон байна. Керритэй Путин ч, Лавров ч уулзахдаа Сирийн асуудлыг хөнджээ.
Сирийн асуудлыг зохицуулахдаа бүс нутгийн аюулгүй байдлыг хангахыг хамтад нь авч үзэх ёстой гэсэн Оросын байр суурийг хуваалцаж буйгаа Керри хэлсэн байна. Сирийн эрх баригчид хийгээд сөрөг хүчнийг хэлэлцээрийн ширээнд суулгахын тулд Орос, Америк бололцоотой бүхнийг хийхээр тохирсон нь Керри, Лавров нарыг уулзсаны дараа тодорхой болов. Хэл амаа ололцохыг хичээж буй Сирийн Засгийн газар, сөрөг хүчин хоёрын чармайлтыг сайшааж, Женевт хийсэн уулзалтын үргэлжлэл болгож, тавдугаар сарын сүүлчээр олон улсын бага хурал хийх нь зүйтэй гэж үзсэнээ Оросын сайд онцлов.
Сирийн сөрөг хүчинд АНУ зэвсэг нийлүүлэх эсэх нь Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг шалгаж буй ажлын үр дүнгээс хамаарна гэж Керри мэдэгджээ. Америкийн Сенатын Олон улсын харилцаа эрхлэх хорооны дарга Роберт Менензес даваа гаригт танилцуулсан хуулийн төс өлд зааснаар бол хүний эрхийг хангаж буй болон алан хядагчидтай холбоо сүлбээг үй босогчдын тийм хэсэгт зэвсэг нийлүүлэх аж. Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлах, Дэлхийн худалдааны байгууллага, Иран, Умард Солонгосын асуудлаар Москва, Вашингтон хоёрын хамтын ажиллагааг Керри өндөр үнэлэв. Ойрхи Дорнод хийгээд Сири, санаа зовоож буй бусад бүс нутагт тогтвортой байдал, энх тайвныг хангахад чухал шаардлагатай олон асуудлаар Америк, Орос хоёр хамтарч ажиллахаар тохироод байгаа” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нотолсон байна. Лавров, Керри хоёр түүнчлэн АНУ-ын шүүхээс ял авсан Оросын иргэн Виктор Бут, Константин Ярошенко нарыг эх оронд нь эгүүлэн өгөх асуудлаар ч ярилцсан байна. Энэ он гарсаар уг асуудлын талаар тэд дөрөв дэх удаагаа ярьж буй нь энэ аж.
Р.ЖАРГАЛАНТ