ХБНГУ-ын Мюнхен хотноо неонацист NSU бүлэглэлд холбогдох хэргийн шүүх хурал даваа гаригт эхлэв. Тус бүлгийн зохион байгуулсан аллага, хүчирхийллийн золиос болж амиа алдсан 10 хүний олонх нь Туркийн харьяат гэдгийг “Sueddeutsche Zeitung” сонинд тэмдэглэв.
Шүүх хурал эхлэхийн өмнө аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч, хуралдааны байр, түүний ойр тойронд цагдаагийн 500 орчим ажилтныг хамгаалалтад гаргажээ. Шүүхийн барилгын өмнө Германд оршин суугаа турк иргэд “Шударга ёсонд хүрэх боломж”, “Тэд яаж ийм олон хүний амийг бусниулж чаддаг байна” гэсэн үгтэй уриа барьж зогссон байлаа.
Гэмт хэргийн бүлэглэлийг 10 гаруй жил илрүүлж чадаагүй Германы эрх баригчдын цалгар байдал болон аллагыг мөрдөн шалгах явцад анхандаа Туркийн цагаачдыг эл хэрэгт сэжиглэсэн нь туркчуудийг эгдүүцэн бухимдахад хүргэжээ. Шүүх хурлыг ажиглахаар Туркээс Мюнхенд улстөрчид очоод байгаа юм байна. Хэргийн гол холбогдогч нь NSU-гийн идэвхтэй гишүүн, 38 настай Беата Чепе. Уг эмэгтэйг NSU-гийн нэр холбогдсон бүх гэмт хэрэгт буруутгаж байна. Тухайлбал, Турк, Грекийн цагаачдыг хөнөөсөн есөн хэрэг, Германы цагдаагийн ажилтан эмэгтэйг хороосон, хоёр дэлбэрэлт, банк дээрэмдсэн олон удаагийн үйлдэл. Беата Чепетэй хамт шүүгдэгчийн суудалд суух дөрвөн хүн нь дээрх бүлэглэлийн хамсаатнууд юм байна. Тэд NSU-д зэвсэг нийлүүлж, хуурамч бичиг баримтаар хангаж байжээ.
Харин NSU-гийн идэвхтэй хоёр гишүүн нь болох Уве Мундлос, Уве Бенхардт нар баригдахаас зайлсхийж, 2011 оны арваннэгдүгээр сард амиа бүрэлгэсэн гэнэ. Тэдний банк дээрэмдэх оролдлого бүтэлгүйтсэний дараа 2011 оны намар Германы цагдаагийнхан гэмт хэргийн бүлэглэлийг сая нэг юм илрүүлсэн ажээ. Хэргийг мөрдөн шалгах явцад тус орны тусгай албадад хаягласан хатуухан шүүмжлэл өрнөн, эл албаны тэргүүн албан тушаалаасаа огцорсон байна. Шүүхийн 80 сонсгол явуулан, 600 гаруй гэрчээс мэдүүлэг авах энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хугацааг 2014 оны нэгдүгээр сар гэж товлоод байна.
Х.ЭНХ