Малайзын засгийн эрхийг тасралтгүй 56 жил барьж байгаа Үндэсний фронт эвсэл Парламентын сонгуульд ялав. Ерөнхий сайд Нажиб Разакийн тэргүүлсэн эвсэл Доод танхимын 222 суудлаас 112-ыг авсан нь олонхийг бүрдүүлж буй хэрэг бөгөөд Засгийн газрыг төвхнүүлэх эрхтэй болж байгаа юм. Ерөнхий сайдын орлогч асан Анвар Ибрагимын тэргүүлсэн гурван талт сөрөг хүчин 58 суудал авсан байна.
Сонгогчдын идэвх их өндөр байж, 13.3 сая сонгогчийн 80 хувь нь сонгуульд оролцсоноос дөрөвний нэг нь анх удаа санал өгч буй залуус байжээ. Эрх баригч эвслийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 3-нд хуучин Парламентаа тараасан байв. 1973 онд байгуулагдсан Үндэсний фронт нийт үндэстний болон бүс нутгийн 14 намаас бүрддэг байна.
Эвсэл дотроо одоогийн Ерөнхий сайд Нажиб Разакийн тэргүүлдэг Малайзын үндэсний нэгдсэн байгууллага гол үүрэг гүйцэтгэдэг аж. Үндэсний фронт 12 удаагийн сонгуульд дараалан ялж буй нь энэ юм.