Египетийн Ерөнхий сайд Хишам Кандилын суусан автомашины цуваа руу ням гаригийн үдэш гал нээжээ. Цувааг Каир хотын Докки дүүрэгт явж байхад нэг машин цуваанд нийлэх гэж оролдсон аж. Аюулыг хамгаалах албаны ажилтнууд түүнийг шахаж холдуулах гэж байх үед уг машинд явсан хүмүүсийн нэг нь цувааны зүг хоёр удаа буудсан байна. Энэ явдал улс төрийн өнгө аясгүй гэж Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгджээ.
Цагдаа нар уг машиныг хөөн гүйцэж, дотор нь явсан 18-29 насны таван эрэгтэй хүнийг баривчилсан байна. Тэд “Тэнд Ерөнхий сайд явааг мэдээгүй, түүний машин руу ч буудаагүй” гэсэн мэдүүлэг өгсөн гэнэ. 2013 оны хоёрдугаар сард Каирт болсон олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээний үед Ерөнхий сайдыг Тахририйн талбай руу орох гэхэд нь чулуу болон лонх шидсэн удаатай.
Р.ЖАРГАЛАНТ