Оросын хамгийн баян бизнесмен Алишер Усманов Apple компанийн хувьцаанд 100 сая ам.доллар оруулав. Тэрбээр Bloomberg агентлагийн сурвалжлагчид ийн ярьжээ. Хувьцааг чухам хэдийд худалдаж авснаа тэрбээр хэлсэнгүй, харин тус компани өртгөөсөө 100 тэрбум доллар алдсаны дараа түүний үнэт цаасыг худалдаж авах таатай нөхцөл бүрдсэн гэж хэлжээ.
Сүүлийн хэдэн сард Apple-ийн хувьцааны үнэ сүрхий унасан аж. 2012 оны есдүгээр сард технологийн энэ компанийн үнэт цаас ширхэг нь 700 доллараар борлогдож байсан байна. Энэ оны дөрөвдүгээр сарын дунд болоход уг үнэ 400 доллар болж буурсан нь 2011 оны арванхоёрдугаар сараас хойш байгаагүй үзүүлэлт юм.
Дөрөвдүгээр сарын 29-нд арилжааг хаахад Apple-ийн хувьцааны үнэ 430 доллар болсон байв. Энэ оны эхний улирлын байдлаар сүүлийн арван жилийн хугацаанд Apple-ийн ашиг анх удаа унажээ. Нэг жилийн өмнө энэ үзүүлэлт 11.6 тэрбум доллар байсан бол өдгөө 9.55 тэрбум доллар болсон байна.