Нийслэл Дакка хотынх нь дэргэдэх районд байшин нурж олон зуун хүн амиа алдсантай холбогдуулан, Бангладешт хөдөлмөрийн нөхцөл хүнд байдагт сэтгэл түгшиж буйгаа Европын холбооны голлох дипломатч Кэтрин Эштон, худалдааны асуудал эрхэлсэн комиссар Карел де Гюхт нар илэрхийллээ. Хөдөлмөрийн стандартыг үйлдвэрүүдэд аль болох хурднаар сахиж мөрдүүлэхийг тэд Бангладешийн эрх баригчдад уриалав.
Хувцасны хэд хэдэн үйлдвэр, банк, дэлгүүрүүдтэй, найман давхар Rana Plaza хэмээх байшин өнгөрсөн сарын 24-нд нурж 400 орчим хүний амь үрэгдээд байгаа. Энэ эмгэнэлт явдал болохоос нэг өдрийн өмнө барилгын хананд цав гарч тэнд ажиллагсдын сэтгэлийг түгшээсэн ч удирдлагууд нь хүмүүсийг тийш нь албадан оруулж ажлыг нь хийлгэсэн аж. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарал тавихгүй байна гэж үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид эрх баригчдыг буруутгасан байна. Rana Plaza-д байрлаж байсан үйлдвэрийн газрын эзэд болон уг байшинг сайн чанартай гэж үнэлсэн инженерүүдийг баривчилжээ.