Кубийн Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастрогийн охин Мариэлийг хүний эрхийг хамгаалах байгууллагын шагналаа авч, Куба дэх ижил хүйстнүүдийн асуудлаар илтгэл тавихаар тус оронд ирэхийг Америкийн эрх баригчид зөвшөөрсөн байна. Мариэл Кастро нь Кубийн бэлгийн харилцааны боловсролын үндэсний төвийн захирлаар ажилладаг аж.
Тэрбээр энэ сарын 4-нд Филадельфийн урлагийн сургууль дээр Куба дэх иргэний болон эр, эмийн хоорондын харилцааны эрхийн асуудлаар лекц уншихаар төлөвлөжээ. Түүнээс гадна хүний эрхийг хамгаалдаг нэр хүндтэй Eguality Forum байгууллага “бэлгийн өөр чиг хандлагатай хүмүүсийн эрхийг хамгаалахад идэвхтэй байр суурь баримталж байсны төлөө” шагналаа түүнд өгөхөөр шийдвэрлэсэн аж.
АНУ-ын эрх баригчид түүнд зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж урьд нь мэдээлж байсан юм. Испанийн Mundo сонин сүүлд нь Мариэл дипломат паспортоор АНУ-д очно гэж мэдээлж байлаа. Мариэл Кастро өнгөрсөн тав, зургадугаар сард СанФранцискод болсон Латин Америкийн судалгааны холбооны XXX конгресст оролцож, Нью-Йоркийн нийтийн номын санд лекц уншиж байжээ. Үүнд нь Америкийн Сенатын олон гишүүн ихээхэн дургүйлхсэн гэдэг. 1985 оноос үйлчилж байгаа хуулиар бол Кубийн Засгийн газрын төлөөлөгчид, Коммунист намын гишүүд Америк руу нэвтрэх эрхгүй хэвээр байгааг тэд сануулсан байна.
Мариэл Кастро Эспин одоо 51 настай. Тэрбээр Дэлхийн бэлгийн эрүүл мэндийн холбооны жинхэнэ гишүүн юм. Хоёр сарын өмнө Кубийн ардын Үндэсний Ассамблейн депутатаар сонгогджээ. Мариэл мөн “Сексология и общество” сэтгүүлийн редакцыг толгойлдог аж. Түүний хүчин чармайлтын ачаар Кубийн нийгэм өөрийн иргэдийн бэлгийн харилцааны олон талт байдалд хүлээцтэй хандах болсон гэж үздэг байна.
Р.ЖАРГАЛАНТ