Бангладешийн нийслэлд нурж, олон хүний амь авч одсон найман давхар байшингийн эзэн Мохаммед Сохел Ранаг Энэтхэгтэй залгаа хил дээр өнгөрсөн ням гаригт баривчилжээ. Тэгээд нисдэг тэргээр нийслэл Дакка хотод авчирсан аж. Рана нь томоохон бизнесмен аж. Байшин нурсантай холбогдуулж урьд нь цагдаагийнхан зургаан ч хүнийг баривчлаад байсан юм. Тэдний хоёр нь нурсан байшинд төвхнөсөн оёдлын үйлдвэрийн эзэн байжээ.
Уг байшингийн хана цуурсан байснаас тэнд үйл ажиллагаа явуулахыг эрх баригчид хориглосоор байхад тэд ажилчдаа ажлаа хийхийг шаардсаар байсан гэж хууль сахиулах байгууллагынхан үзсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр, нурсан байшинд 375 хүн амь үрэгдсэн аж. Ням гаригийн үд хэрд, нурангинд дарагдсан 70 хүнийг амьдаар нь гаргаж авчээ. Одоо 900 хүн сураггүй болсон гэгдэж байгаа гэнэ.
Албан мэдээгээр бол энд байрладаг байгууллагуудад 3000 гаруй хүн ажилладаг юм байна. Тухайн өдөр чухам хэдэн хүн ажилдаа ирсэн нь тодорхой бус. Нийслэл Дакка хотод байх энэ найман давхар байшин дөрөвдүгээр сарын 24-ний өглөө гэнэт нурсан юм.