“Талибан” хөдөлгөөнийг устгахын тулд Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн ойрын хүмүүст мөнгө бэлнээр өгснөө Америкийн төрийн зарим албан хаагч хүлээн зөвшөөрчээ. Гэлээ ч лалын дайчидтай тулалдахад энэ арга хэмжээ ер туслаагүй төдийгүй авлигыг дэлгэрүүлэхэд л харин түлхэц болжээ. АНУ-ын ТТГ 10 гаруй жилийн турш Афганистаны Ерөнхийлөгчийн албан өргөөг санхүүжүүлсээр ирсэн гэж New York Times сонины газар мэдээллээ.
“Талибан” хөдөлгөөнийг устгахын тулд бид тэднийг (Засгийн газрыг) санхүүжүүлж байсан” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Америкийн төрийн нэгэн албан хаагч хэлсэн байна. “Боодолтой америк долларыг чемодан, үүргэвч, дугтуйгаар Афганы Ерөнхийлөгчийн өргөө рүү явуулдаг байсан” гэж Карзайн захиргааны ажилтнууд мэдэгдсэн аж.
Энэ хөрөнгөөр Афганы эрх баригчид хээрийн цэргийн командлагчдыг худалдан авч байсны нэлээд нь талибуудтай холбоо сүлбээтэй байжээ. Төрийн нэгэн албан хаагчийн хүлээн зөвшөөрснөөр Америкийн мөнгө “Афганистанд авлигын томоохон эх сурвалж” болж байсан аж.
Р.ЖАРГАЛАНТ