"Тэмүүжин өрлөг” сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Наранцогт өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, тус сургууль хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн юм. Уг мэдээлэлд дурдсан зарим зүйлийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал З.Болдбаатараас тодрууллаа.
-БХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” сургуулийг хууль бусаар байгуулсан гэж тус сургуулийн захирлаар ажиллаж байсан хүн мэдэгдээд байгаа. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ?
-“Тэмүүжин өрлөг” сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлсөн асуудалтай холбогдуулж, хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Энэ асуудлаар зөв мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Тус сургууль Монгол Улсад үйлчилж байгаа холбогдох яам, байгууллагын зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын тухай хуульд их, дээд сургуулиуд дэргэдээ лицей сургуультай байж болох тухай заасан байдаг. БХИСийн дэргэд лицей сургууль байгуулах тухай Батлан хамгаалахын сайдын тушаал гарч, улмаар Баянзүрх дүүргийн Боловсролын газар, Нийслэлийн Боловсролын газарт хандаж, сургалтын үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авсан.
-Цэрэгжсэн сургууль байна гэчихээд гэрчилгээ нь тийм биш гэж ярьж байсан шүү дээ.
-Олон улсын хүүхдийн эрхийн конвенцид зааснаар насанд хүрээгүй хүүхдэд цэрэгжсэн, цэргийн хатуу дэглэм тогтоосон сургалт явуулж болохгүй учраас БХИСийн дэргэд ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байж болно. Сургалтын хөтөлбөрт цэргийн анхан шатны харилцааны сургалт явуулах нь зүйтэй гэж үзэн гэрчилгээ авсан.
-Захирлаар ажиллаж байсан С.Наранцогт гэдэг хүн өөрийгөө үндэслэлгүйгээр халагдсан гэж мэдэгдээд байгаа. Түүнийг халах ямар үндэслэл байсан юм бэ?
-Захирлаар ажиллаж байсан С.Наранцогт Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тэтгэвэрт гараад долоон жил болж буй хүн. Одоо 63 настай. Тэрбээр цэргийн тэтгэвэрт гараад иргэний байгууллагад өөрийн хүсэлтээр ажиллаж байсан юм билээ. Ажлын цаг ашиглалт гэж мэддэггүй, дуртай цагтаа ирж, дургүй цагтаа алга болдог хүн. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхдээ хайнга ханддаг. Хамгийн сүүлийн бодит жишээ гэхэд тус сургуулиас хүүхэд алга болоод долоо хонож байхад ямар ч арга хэмжээ аваагүй, эцэг, эх нь Батлан хамгаалахын сайд болон яаманд гомдол гаргасан.
Мөн нэг сонсогч автомашинд шүргүүлэхэд захирал нь байж огт анхаараагүй. Байгууллага, тэр дундаа бага насны хүүхэд хариуцаж байгаа хүн хүүхдийн, ар гэрийнхний итгэлийг даах ёстой шүү дээ. Тэтгэвэрт гарсан хүн Батлан хамгаалах салбарт ажиллах тохиолдолд нэг жилийн гэрээ байгуулдаг журамтай. Гэрээний хугацаа дуусаад гурван жил болсон. Түүнээс гадна С.Наранцогтын хувьд тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн. Энэ хүний ажиллаж байсан орон тоо уг нь энгийн байсан юм. Эцэг, эхчүүдийн хүсэлтийн дагуу БХЯ-наас тус сургуулийн захирлын орон тоог цэргийн хүн байх ёстой гэж баталсан. Эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Г.РАВЖАА “