Өнөөдөр Гүржид Парламентын сонгуулийн санал хураалт эхэлж байна. Сонгуулийн өдөр ойртох тусам эрх баригч “Нэгдсэн үндэсний хөдөлгөөн”, сөрөг хүчний “Гүржийн мөрөөдөл” намынхны өрсөлдөөн ширүүссэн билээ. Сонгуулийн кампанит ажил эртнээс эхэл сэн бөгөөд хоёр тал өрсөлдөгчөө ялахын тулд олон арга хэрэглэж байна. Өнгөрсөн долоо хоногт Гүржийн нэгэн шоронд хоригдлуудыг тамлан, эрхийг нь зөрчсөн мэдээлэл гарч, дуулиан дэгдээв. Үүний улмаас Дотоод хэргийн сайд тэргүүтэй хэд хэдэн өндөр албан тушаалтан ажлаасаа халагдсан нь ч сонгуулийн өмнөх пиарын үр дүн хэмээн ажиглагчид үзэж байна.
Сонгуулийн кампанит ажлын хүрээнд орон даяар олон мянган хүний жагсаал цуглаан болсон нь одоогийн Төрийн тэргүүн Михаил Саакашвилийн баримталж буй бодлого үнэн хэрэгтээ ард олны сэтгэлд төдийлэн нийцэхгүй байгааг гэрчилж байна хэмээн сөрөг хүчнийхэн онцлов. “Гүржийн мөрөөдөл” намын тэргүүн Бизина Иванишвилийн талынхан Тбилис, Кутаиси зэрэг томоохон хотод хэдэн арван мянган хүн оролцсон жагсаал зохион байгуулсан нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөд байдлыг санагдуулж байна. Бизина Иванишвили “Хүчирхийлэлгүй, айдасгүй ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө” тэмцэнэ гэдгээ мэдэгдэж буй.
Өнгөрсөн бямба гаригт нийслэл Тбилисийн төв талбайд зохион байгуулсан жагсаалын үеэр урлаг, спортын алдартнууд сөрөг хүчнийхнийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Түүнээс гадна Кутаисид эрх баригчид, тэр дундаа М.Саакашвилийг эсэргүүцсэн томоохон цуглаан боллоо. Үүний зэрэгцээ “Нэгдсэн үндэсний хөдөлгөөн” намыг дэмжсэн жагсаалд 70 мянган хүн оролцсон хэмээн эрх баригчид мэдэгдэв. Ерөнхийлөгч эл цуглааны үеэр хэлсэн үгэндээ “Жилийн дараа бид Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулж, 2014 онд НАТО-гийн гишүүн болно. Гагцхүү эв нэгдлээ хадгалж, гаднынхны өдөөн хатгалгад автахгүй байх ёстой” хэмээлээ.
ХБНГУ-ын “Forsa” судалгааны байгууллагын мэдээлснээр, Б.Иванишвилийн нам сонгуульд 65 хувь, М.Саакашвилийн нам 25 хувийн санал авах магадлалтай гэнэ. Гүржийн түүхэнд байгаагүй өрсөлдөөн тэй хэмээгдэж буй сонгуулийн явцыг ажиглахаар олон улсын 500 гаруй ажиглагчид Тбилист иржээ. Түүнээс гадна сөрөг хүчний болон эрх баригч намын 33 мянган ажиглагч санал хураах хэсгүүдэд ажиллах аж.
Х.ОД