БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Цэчи НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэх үеэрээ Япон маргаантай арлыг хулгайллаа гэж мэдэгдсэн тухай ВВС мэдээлэв. Японы Засгийн газар саяхан Дяоюйдао буюу Сенкаку арлыг худалдан авсан нь “хууль бус үйлдэл” гэж тэр мэдэгдээд асуудлыг гэрээ хэлэлцээрийн замаар шийдэхийг Токиод хандан уриалжээ.
Энэ явдлаас нэг өдрийн өмнө Ерөнхий ассамблейд үг хэлсэн Японы Ерөнхий сайд Ёшихико Нода Дорнод Хятадын тэнгис хавийн арлыг эзэмших бүрэн эрх биднийх бөгөөд ямар нэг маргаан хэлцэл энд огт байхгүй гэж мэдэгдсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газар уг арлыг эзэмшигч, япон гэр бүл Курихарагийнхаас худалдан авсан нь Хятадын талын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус аралд ийн хандсан нь хоёр талын харилцааны “Нийтлэг байр суурь-чухал ойлголцол” гэсэн зарчмыг зөрчиж байна гэж мэдээлж байгаа билээ.