2000 мянган ажилчин нь оролцсон зодоон болсны дараа IPhone хийдэг Хятадын үйлдвэр үйл ажиллагаагаа ганц өдөр зогсоогоод маргааш (өчигдөр) нь үргэлжлүүлжээ. Үйлдвэрлэл нэг өдөр зогссон нь захиалагчдадаа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэнгүй. 79 мянган хүн ажилладаг тус үйлдвэр бэлэн бүтээгдэхүүний нөөцтэй байсан аж. Олон хүнийг хамарсан зодоон энэ сарын 23-ны орой эхэлж маргааш өглөө нь намжсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээнээс үзвэл 2000 орчим хүн оролцсон өргөн зодооныг зогсоох гэж 5000 цагдаа хүч чармайлт гаргажээ.
Ажилчид нийтийн байранд аж төрдөг бөгөөд нэг ажилчин, нийтийн байрны харуулын нэг ажилтан хоёрын хооронд гарсан зөрчлөөс зодоон үүдэлтэй гэсэн таамаглал байна. Бас Хятадын энд тэндээс ирсэн ажилчид хоорондоо маргалдсанаас болсон гэсэн яриа байгаа аж. Цалин хөлсөө, ажлын нөхцөлөө чамласан ажилчдын эсэргүүцэл Хятад улс даяар өрнөж буйгаас эхтэй гэсэн бодолтой хүн олон байгаа бололтой. “Apple”, “Nokia”, “Microsoft” компаниудын бүтээгдэхүүнийг угсардаг Foxconn үйлдвэр анх удаа олон нийтийн анхаарлын төвд орж буй нь энэ биш гэнэ.
Ажилчид нь амиа хорлох явдал 2012 оны эхээр олон гарч, цалин бага байгааг эсэргүүцэж буйгаа ийм маягаар илэрхийлж байжээ. Apple компанийн захиалгаар энд шалгалт хийж хөдөлмөрийн нөхцөл ноцтой зөрчиж буйг илрүүлсэн байна. Үүний дараа тус үйлдвэр ажилтнуудынхаа цалинг нэмж, ажлын цагийг нь багасгасан аж.