АНУ-ын Флорида мужийн номлогч Терри Жонсыг ХБНГУ-д зорчихыг хориглолоо. Гер маны Дотоод хэргийн яамны мэдээллээр лалын ертөнцөд дуулиан тарьсан “Гэмгүй мусульманчууд” киноноос болж ийм арга хэмжээ авчээ. Коран судар шатааж, мөн дуулиант киног дэмжиж буйгаа илэрхийлсэн номлогч хэт барууны үзлийг дэмжигчдийн урилгаар ХБНГУ-д очих гэж байсан юм.
Дотоод хэргийн сайд Ханс-Петер Фридрихийн үзэж буйгаар, номлогч Терри Жонс болон хэт барууныхан лалын шашинтнуудыг өдөөн хатгасан дүрс бичлэгийг интернэтэд дахин байрлуулж магадгүй гэнэ. Үүнээс гадна Арабын орнуудад дэгдээд байсан эсэргүүцлийн арга хэмжээ Австрали, Европт хүрчээ. “Гэмгүй мусульманчууд” киног эсэргүүцсэн хөдөлгөөн Дани, Бельги, ХБНГУ-д гарсан байна.