Харь хотод ирээд хамгийн түрүүнд парк руу зүглэх нь зарим жуулчны хувьд хачирхалтай сонголт. Музей, театр, дэлгүүр, цэнгэлдэх хүрээлэн бус тоглоомын парк руу орчих хүслийг өдөөгч бол Барселоны Тибидабо юм.
-Дахиад ганц л тойрчихъё хэмээн “Tibidabo Express”-ийн арын суудалд суугаа залуус хашгиралдах.
Хэмжээгээрээ бусдыг гайхашруулахааргүй, огцом эргэлт ч үгүй “галзуу хулгана” тийм ч өндөр настай биш. Гэхдээ дэргэд нь байгаа тоглоомууд багадаа л 100 настай тул эл “галзуу хулгана”-ыг бусдаас нь ялгарч харагдуулахгүйн тулд зориуд эртний хэв загвараар бүтээсэн байна.
Далайн түвшнээс дээш 512 метр өндөрт орших Тибидабо уулан дахь Саран парк хэмээх тоглоомын газар хамгийн эртний паркуудын нэг. Мадридчуудыг ямар нэгэн зүйлээрээ давж гарахын төлөө улайрдаг каталончууд тус паркаараа ихэд бахархана. Гэсэн ч энэ паркийн тухай хамгийн сайхан тодорхойлолтыг каталончууд бус, Вуди Аллен өгсөн юм. Түүний “Вики, Кристина, Барселон” кинонд “Тоглоомын парк ... эртний атлаа сайхан, Барселоныг эндээс л харах хэрэгтэй” гэж өгүүлдэг.
Готик загварын хорооллууд, дундад зууны үеийн барилгууд, А.Гаудын бүтээл үүд, унадаг дугуй, мотоцикль, Барселоны шөнийн тэнгэр, нээгдэж амжаагүй уушийн газар, хаалттай дэлгүүр... Мэдээж Тибидабо бол Барселоны нэрийн хуудас. Эртний Ромын үед байгуулсан эл хот “залуухан” харагддаг нь XIX зууны дунд үеэс XX зууны эх хүртэл язгууртнууд, үйлдвэрийн эздийн мөнгө хотын барилгад шингэж байсны гавьяа.
Барселон модерн төрхтэй гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Тибидабогийн Саран парк XIX зууны сүүлчээр байгуулагджээ. Тоглоомын парк тухайн үед дөнгөж эхэлж байсан техникийн хөгжлийн бэлгэ тэмдэг болсон юм. Тэндхийн жижигхэн онгоц Мадрид, Барселоны хооронд анхны нислэг үйлдсэн төмөр хөлгийн хувилбар. 1920- иод оны хийцтэй эл онгоц өдгөө Тибидабогийн паркийн бэлгэ тэмдэг болжээ. Тэндхийн эргүүлдэг тоглоомуудыг 1910 онд ашиглалтад оруулсан бөгөөд хэд хэдэн удаа сэргээн засварласан.
Инээдмийн өрөө хэмээн алдаршсан “Miramiralls” тоглоом нь 100 хол гарсан ч өнөөг хүртэл нэр хүндтэй хэвээр. Паркийн тоглоомоор тоглох гэсэн хүмүүсийн урт дараалал өглөөнөөс эхэлнэ. Уулын оргил руу автомашин, дугуйгаар бус “Tramvia Blau” буюу цэнхэр трамвайгаар очихыг хүсэгч цөөнгүй. Модоор хийсэн эл трамвай 1920-иод оны үеийн ховор эд, Барселоны цорын ганц трамвай. Каталончуудын бахархал, уран барилгач А.Гауди трамвайнд дайруулсны улмаас амиа алдсан учир барселончууд тээврийн энэ “гайтай” хэрэгслээс татгалзаад олон жил өнгөрч байна. Бизнесмен Сальвадор Андреу “Тибидабо” паркийг байгуулахдаа цэнхэр трамвай, галт тэргийг ч барселончуудад бэлэглэснээр XIX зууны сүүлч хүртэл “Бүргэдийн үүр” хэмээгдэж байсан Тибидабо уулын оргилд хүрэх тийм ч хэцүү биш болжээ.
Дашрамд өгүүлэхэд, Саран паркийг 1902-1962 онд байгуулжээ. Дэлхийн II дайныг туулсан парк 1950 онд ахин хүчээ авч, чихарсан хаалгатай, “хий үзэгдэлтэй” “Аймшгийн шилтгээн” хэмээх цогцолбортой болсон аж. 1945 оноос бүтээсэн тоглоом, цогцолборууд дайны хөлд үрэгдэж, харин хатуу ширүүнийг давж үлдсэнийг нь хуучин хэмээн шинээр сольсон аж. Паркийн зарим цогцолбор, тоглоомууд өдгөө музейн үзмэр болсон.
Өнгөрсөн зууны эхэн үеийн автомат тоглуулагч, төмөр хүүхэлдэй зэрэг тоглоом үеэ өнгөрөөсөн ч паркийн нэгэн хэсэг тул музейд хадгалагдаж буй. Саран паркийг үзэх гэсэн жуулчны тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 2011 онд 442 мянга 693 хүн Тибидабод очсоны тал нь гадаадын иргэд байжээ. Театрчилсан тоглолт, тухлаг кафе, тоглоомуудаараа олны талархлыг хүлээдэг паркт очсон хүмүүс урт дараалалд зогсох ёстой болдог. Гэсэн ч удаан хүлээсэн хүмүүс сэтгэл дундуур буцдаггүй.
Иргэншил, ардчилал, техникийн дэвшил, цаг мөч бүхэнд хувьсан өөрчлөгдөж буй нийгэм биднээс төгс төгөлдөр, шинэлэг байхыг шаардаж байна. Одоогоос зуун жилийн өмнөх бүү хэл 10 жилийн тэртээх эд юмс “винтаж” болсоор. Цаг хугацааг зогсоочихсон мэт эртний төрхөөрөө үлдсэн энэ парк зөвхөн каталончуудын ч бус, Испанийн бахархал болж үлджээ.
Х.ОД