БНХАУ-ын Коммунист намын төв хороооны удирдлагын ерөнхий газрын дарга Лин Жихуа албан тушаалаасаа огцорсон тухай “Reuters” мэдээллээ. Ху Зиньтаогийн хамтран зүтгэгчдийн нэг Линий хүү өнгөрсөн гуравдугаар сард “Феррари” маркийн автомашинтай явж байгаад томоохон осол гаргасан нь эцгийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байна. Уг осол Хятадад дуулиан дэгдээж, намын өндөр албан тушаалтнуудын тансаг амьдрал, нийгмээс тасархай байдлыг шүүмжлэх хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн юм. “Линий хүүтэй холбоотой дуулиан намын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж эрх баригчид үзсэн бололтой. Ху Зиньтао хамтран зүтгэгчээ хамгаалж чадсангүй” хэмээн Коммунист намд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн хүн ярьсан хэмээн “Reuters” онцлов. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, “Феррари”-д Линий хүүгээс гадна 20 орчим насны хоёр залуу байсны нэг нь нас барсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй нас барсан залуу Линий хүү байсан, гэхдээ дуулиан шуугианыг дэврээхгүйн тулд үүнийг нууцалсан гэх яриа ч гарчээ. Лин Жихуагийн оронд Ли Жаньшуг томилсон байна.