Өнгөрсөн бямба гаригт Мадагаскараас Сейшелийн арлуудыг чиглэн хөдөлсөн “Costa Allegra” хөлгийн генератор гэмтэж, гал гарчээ. 636 зорчигч, багийн 413 гишүүнтэй энэ онгоцны агааржуулах систем ажиллахгүй болсон бөгөөд цааш хөдлөх боломжгүй болсон байна.
ВВС агентлагийн мэдээлснээр аврагчид, мэргэжилтнүүдийг хөлөг рүү илгээсэн аж. “Costa Crociere” компанийн төлөөлөгч Жоржо Моретти “Гэмтсэн генераторыг засах 14 мэргэжилтнийг онгоцоор явуулсан” хэмээн мэдэгдсэн байна. Түүнээс гадна далайд “гацсан” зорчигчдод хүнс, холбоо барих хэрэгсэл илгээх гэнэ.
Зорчигчдын дийлэнх нь Итали, Франц, Австри, Швед, ХБНГУ, ОХУ-ын иргэд аж. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн нэгдүгээр сард Италийн эргээс холгүй осолдсон “Costa Concordia” хөлөг, Энэтхэгийн далайд “гацаад” байгаа “Costa Allegra” хоёр нэг компанийх юм.