Ливийн зүүн өмнөд хэсэгт орших Куфра хотод омог хоорондын зөрчил газар авч, мөргөлдөөн гарсаар байна. Тус хотод одоогийн байдлаар 100 орчим хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэр орноо орхин дүрвэсэн хэмээн НҮБ-аас мэдэгджээ. Африкийн тубу, Арабын зувайя омгийн зөрчил энэ сарын 12-ноос зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан байна. АР агентлагийн Куфра дахь төлөөлөгчийн мэдээлснээр хотын нэг дүүрэгт л гэхэд 160 гаруй барилга, байгууламж сүйдсэн гэнэ.
Ливийн эрх баригчид тэнд болж мөргөлдөөнийг зогсоохын тулд цэрэг илгээсэн бөгөөд шархадсан хүмүүсийг Триполийн эмнэлэгт хүргэж байна. Тус улсын нийслэлд ажиллаж буй Украины эмч нарын өгүүлснээр амь үрэгдсэн хүмүүсийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа аж. Түүний зэрэгцээ Ливийн нийслэлээс холгүй орших хот, сууринд гэмт хэрэг гарах нь ихсэж, дээрэмчдийн бүлэглэл олноор бий болжээ. Ажалята, Тажур, Сабратад хүмүүсийн гэр орон, эдлэн рүү гэмт этгээдүүд орж, хулгай, дээрэм хийх нь газар авсан хэмээн хууль сахиулагчид мэдээлж буй.
Энэ бүхэн Ливийн шинэ Засгийн газрын хувьд хүндхэн сорилт болж байгаа бөгөөд ойрын хугацаанд мөргөлдөөнийг дарж, армийнхаа хүчин чадлыг сайжруулах нь эрх баригчдын нэр хүнд, цаашлаад улсын аюулгүй байдалд эергээр нөлөөлнө гэж ажиглагчид онцлов.
Х.ОД