ОХУ-ын Ерөнхий сайд В.Путиний амь насанд халдахаар зэхэж байсан террористуудын төлөвлөгөөг таслан зогсоосон хэмээн тус улсын “Нэгдүгээр суваг” телевизээр мэдээлжээ. Орос, Украины тусгай албаныхан олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Адам Осмаевыг Одесс хотод саатуулсан гэнэ. Ирэх сарын 4-нд болох Оросын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэрбээр В.Путиний амь насанд халдахаар төлөвлөж байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээсэн байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ мэдээллийг үнэн хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн ч ямар нэг тайлбар хийсэнг үй. Хууль сахиулагчид энэ хэргийг мөрдөж байгаа тухай ИТАР-ТАСС дамжууллаа. Украины тусгай албаныхны мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сард Одесс хотын Тирасполийн гудамжинд байдаг нэгэн байшинд гал гарчээ. Байшинд байсан хүмүүс гар аргаар тэсрэх бөмбөг хийх үед дэлбэрэлт болсон хэмээн мэргэжилтнүүд үзсэн аж. Байшинд байсан гурван хүний нэг нь нас барж, нөгөө нь зугтаж, гурав дахийг нь цагдаа нар саатуулжээ.
Тэд Туркээр дайран Арабын Эмиратаас ирсэн бөгөөд Доку Умаровын даалгаврыг гүйцэтгэдэг байсан хэмээн хууль сахиулагчид таамаглаж буй аж. “Эхлээд Одесст очиж бөмбөг хийж сурах хэрэгтэй гэж бидэнд хэлсэн. Дараа нь Москвад ирж, түүнийгээ турших, цаашлаад В.Путинийг устгах төлөвлөгөөтэй байсан” хэмээн Адам Осмаев ярьжээ. Тэрбээр 2007 онд Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын амь насанд халдахыг завдсан хэргээр саатуулагдаж байсан аж. Үүний зэрэгцээ В.Путиний өрсөлдөгч тэрбумтан М.Прохоров байгуулсан намдаа нэр өгөх, бүртгүүлэхээр зэхэж байна.
Тэрбээр иргэдийн дунд уралдаан зарлаж, намынхаа нэрийг тодруулахаа мэдэгджээ. Мөн М.Прохоровын намд элсэх хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн байна. Түүний цахим хуудсанд мэдээлснээр одоогийн байдлаар 20 гаруй мянган хүн тус намд элсэх өргөдлөө өгөөд байгаа гэнэ.