Афганистаны томоохон хотуудад мянга мянган хүн гудамжинд гарч, Америк, Барууны орнуудтай холбоотой бүхнийг шатаан, халдлага үйлдэх, үймээн дэгдээх нь ихэслээ. Тус улсад байгаа гадаадын иргэд дипло мат төлөөлөгчийн газар, цэргийн баазад нуугдаж байгаа ч зарим нь хилэгнэсэн афганчуудын гарт өртөж амиа алдсан бөгөөд долоон америк цэрэг бэртэж гэмтээд байна. Парван мужид орших Баграмын цэргийн баазад үймээний эхлэл тавигджээ. Тэнд Америкийн цэргүүд, офицеруудаас гадна олзлогдсон афганчууд мөн байрладаг юм. Хоригдож буй хүмүүст зориулсан номын санд хэдэн зуун хувь коран судар байсан аж.
Хоригдлууд судрын хуудсан дээр өөрсдийнхөө үйл хэрэг, цаашдын төлөвлөгөө зэргийг бичин, дамжуулан уншдагийг харгалзагч нар илрүүлсэн байна. Судраар дамжуулан мэдээлэл солил цож байгааг мэдсэн америкчууд зуу гаруй кораныг номын сангаас авч шатаасан аж. Хогийн цэг дээр лалын шашны ариун судар шатааж байгааг харсан афганчууд галыг унтраан, шатаагүй үлдсэн хуудсуудыг авч гэртээ харьцгаасан гэнэ. Удалгүй энэ явдлын талаар хүмүүс олж мэдсэнээр үймээн эхэлжээ. Баграмын цэргийн бааз болон бусад хэд хэдэн хотод эсэргүүцлийн жаг саал болж, улмаар Ка булд ирсэн гадаадын ир гэд ихэвчлэн байрладаг зочид буудлыг шатаасан байна.
Цагдаагийнхан эсэргүүцэгчдийг тараахыг оролдсон ч үймээн даамжирч, хэд хэдэн хүн амиа алдлаа. Үүний зэрэгцээ Амери кийн ЭСЯ-ны ажилтнууд, ажиллагсдаа гадагш гарахыг хориглов. НАТОгийн төлөөлөгчид, Америкийн Төрийн департаментынхан, Ерөнхийлөгч Барак Обама Афганистаны ард түмнээс уучлалт хүсэж, энэ хэргийг нарийвчлан шалгаж, буруутай этгээдүүдийг шийтгэхээ амалсан билээ. Гэсэн ч үймээн, эсэргүүцлийн арга хэмжээ газар авсаар байгаа төдийгүй НАТО-гийн баазуудад ажилладаг афган иргэд ажлаасаа гарч эхэллээ.
Талибууд зөрчил, мөргөлдөөнийг далимдуулан америкчуудаас өшөө авахыг иргэдэд уриалан, үймээнийг дэвэргэж байна хэмээн ажиглагчид онцолжээ. Америк Афганистанаас ойрын хугацаанд цэргээ татах хэрэгтэй гэж үзэх хүмүүс ч байна. АНУ-аас Кабул суугаа Элчин сайд Райан Крокер “Байдал хурцадмал байна. Юутай ч жаахан хүлээзнэж байж шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.
Х.ОД