Египетийн Парламентын дээд танхим буюу Шурын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох санал хураалтын дүнг өнгөрсөн бямба гаригт нийтэд зарлалаа. Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр Лалын шашинт ахан дүүс хөдөлгөөнийг төлөөлж буй Эрх чөлөө, шударга ёсны нам дээд танхимын 105 суудлыг авсан бол Нур намынхан 45, Вафд нам 14 суудал авсан тухай ВВС дамжуулав. Шурын зөвлөлийн 270 гишүүний 180-ыг нь сонгуулийн дүнд сонгосон бөгөөд үлдсэн 90-ийг Цэргийн дээд зөвлөлийн тэргүүн Хусейн Тантави томилох юм. Хоёр үе шаттай болсон уг санал хураалтад иргэд идэвх муутай оролцсон хэмээн гадаадын хэвлэлүүдэд онцолжээ.
Дашрамд өгүүлэхэд, лалын шашинт намынхан Парламентын доод танхим буюу Ардын ассамблейн сонгуульд ялалт байгуулсан билээ. Парламентын хоёр танхимын гишүүдээс бүрдсэн 100 хүнтэй баг Египетийн шинэ Үндсэн хуулийг бичих юм.