АНУ-ын дуучин Уитни Хьюстон энэ сарын 11- ний өдөр зүрх нь хаагдаж нас барсан харамсалтай мэдээ дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Тэгвэл хоёр хоногийн өмнө буюу 18-нд түүнийг оршуулах ёслол Нью-Жерси мужийн Нью-Аркт болж өнгөрсөн талаар NHK мэдээллээ. Хүүхэд ахуй насандаа анх дуучин болох гараагаа эхэлж байсан сүмээс нь түүнийг сүүлчийн замд үджээ. Оршуулах ёслолын үеэр олон алдартан ирж эмгэнэл илэрхийлсэн бөгөөд дуучин Алиша Кийз, Стиви Уандер нар хүндэтгэл үзүүлэн дуулсан байна.
Мөн 100 гаруй хүнээс бүрдсэн найрал дууны баг “I will always love you” хэмээх уран бүтээлийг нь толилуулжээ. 1992 онд “Бие хамгаалагч” уран сайхны кинонд Уитни Хьюстонтой хамтран тоглосон Холливудын нэрт жүжигчин Кевин Костнер ёслолын үеэр үг хэлжээ. Уитни Хьюстонтай амьдралынх нь сүүлчийн өдрүүдийг хамт үдсэн АНУ-ын дуучин Рэй-Жи гашуудан уйлж байсан тухай гаднын хэвлэлүүдэд онцолжээ.
Харин Уитнигийн хуучин нөхөр Бобби Браун оршуулгын ажиллагаа эхлэхээс өмнө дуучны гэр бүлийхэнтэй муудалцаж, сүмээс гарч явсан аж. Алдарт дуучныг эцэг Жон Хьюстоных нь дэргэд нутаглуулжээ.
Г.ЗАЯА